“Оролцоод хөгжье” аймгийн хүүхдийн долоодугаар чуулган боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-11-25 14:48:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран “Оролцоод хөгжье” аймгийн хүүхдийн VII дугаар чуулганыг танхим болон цахим хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хүүхдийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн төлөөх төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого шийдвэртээ тусган хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилгоор чуулганыг зохион байгуулсан байна.  Тус чуулганд аймгийн 18 сум, 2 тосгоны төлөөлөл нийт 360 хүүхэд, шийдвэр гаргах түвшний төлөөлөл 80 хүн оролцлоо.

Чуулганаар хүүхдүүд шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэж, өөрсдөд тулгамдаж буй асуудлаа сум, сургууль бүр видео хэлбэрээр ирүүлсэн бөгөөд шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо хэлэлцэн, хүүхдийн үндсэн 4 эрхийн хүрээнд уриалгаа гаргаж, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. 

Мөн үеэр Хүүхдийн элчийг сонгон шалгаруулах журмын дагуу чуулганд оролцогч хүүхдүүдийн олонхын саналаар аймгийн "Хүүхдийн элч"-ээр Мөнх овогтой Эрдэнэбилэг сонгогдсон тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ