Н.Тавинбэх: Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-25 18:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх талбайд ажиллалаа.


Сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хангахад тус станц ихээхэн үүрэгтэй. Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх үед ачааллыг шилжүүлэх шаардлагатай. Амгалангийн дулааны станцын одоо ажиллаж буй хүчин чадлыг 116МВт буюу 100 Гкал/цаг-ийн хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө. Энэ ажлыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой”-г онцоллоо.


Төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсэд 11 мянган айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна дулааны гуравдугаар цахилгаан станцын ачаалал хөнгөрч хотын төвийн болон урд хэсгийн хэрэглэгч рүү ачаалал шилжүүлэх боломж бүрдэх юм. Барилга угсралтыг 2022 оны 3 дугаар сард эхлүүлэн, 18 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөснийг ЭХЯ мэдээлэв.


“Амгалан дулааны станц” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангадаг аж.

 

Холбоотой мэдээ