“Иргэний андгай өргөх ёслол” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-25 19:48:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхэн ойн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй Сэлэнгэ аймгийн 300 хүүхдээс Сүхбаатар сумын сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлж, амжилттай суралцаж буй 50 сурагчид иргэний үнэмлэхийг нь батламжлан гардууллаа.

“Иргэний андгай өргөх ёслол”аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар оролцож 16 нас хүрч иргэний андгай өргөсөн сурагчдад батламж, дурсгалын зүйл гардуулав. Иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэй гардан авч буй сурагчид баруун гараа өргөн “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг батлан хамгаалж, монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийнхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, их соёл зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их засаг хууль ёсыг чандлан сахиж үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөлөө.

Холбоотой мэдээ