Сумын цол олгох бөхийн барилдаан боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-11-27 11:45:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улс тунхагласны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан Арвайхээр сумын ЗДТГ, аймгийн БТСГ-аас  “Арвайхээр хотын цол олгох үндэсний бөхийн барилдаан”-ыг анх удаа зохион байгууллаа.

Барилдаанд Арвайхээр сумын харьяат 64 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан хүч үзсэнээс залуу бөх Б.Гангамөрөн түрүүлэн “Сумын заан” цол хүртэж, сумын начин Ч.Насанбуян үзүүрлэв. Шөвгийн дөрөвт сумын начин Б.Лхагвасүрэн, Г.Нямдорж нар шалгарлаа.

Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдар цуутай бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, залуу бөхчүүдээ урамшуулан дэмжих зорилготой уг барилдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг сумын Засаг дарга Б.Ганбат хэлж байв.

Холбоотой мэдээ