Гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний "Омикрон" шинэ хувилбар гарсантай холбоотойгоор Монгол Улс тухайн вирусний халдвар тархсан орноос ирж байгаа болон тэдгээр улс орноор дамжин өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй.
Мөн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн иргэдийг эх орондоо хүлээж авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар болсныг УОК-ын 29-р хуралдаанаар шийдвэрлэлээ.
Одоогоор "Омикрон" гэх мутацлагдсан вирус ӨАБНУ, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави, Бельги, Израил, Хонгконг, Ботсвана улсад бүртгэгдээд байгаа аж.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан халдвар тархах хурд нь онц аюултай, ӨАБНУ-д илрээд байгаа "Ковид-19"-ийн шинэ мутац хувилбарыг анхаарвал зохистой аюултай ангилалд оруулсан. Энэ хувилбар нэлээн олон оронд бүртгэгдсэнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг салбарын мэргэжилтнүүдээс сонсон, зарим шийдвэр гаргасныг өнөөдөр танилцуулсан юм.
Монгол Улсад өнөөдөр Өмнөд Судан улсаас 200 гаруй энхийг сахиулагч ирэх ч тухайн
улсад нь халдвар бүртгэгдээгүй тул Цэргийн амралтад 10 хоногийн хугацаанд тусгаарлахаар болжээ. Түүнчлэн нисэх онгоцны буудал, авто замын боомт, хил
хяналтын бүс орчимд зорчигч иргэдээс шинжилгээ авах, “Буянт-Ухаа”, “Алтанбулаг”,
“Гашуунсухайт”, “Боршоо” гэх мэт бүс дэх аж ахуйн нэгж, албан байгууллагын
ажилчид болон зорчигчоос шинжилгээ авна.
УОК-оос иргэдийг аль болох гадаад улс оронд аялахгүй байхыг анхааруулаад, гадаадад зорчиход тухайн улсад халдвар ямар байх, агаарын тээврийн хязгаарлалт хорио цээр ямар байхыг тааж хэлэхэд хэцүү. Энд тэнд улс оронд гацаж, эрсдэлд орох магадлалтай тул УОК-ын шийдвэр зөвлөмжийг дагаж ажил амьдралаа зохицуулахыг С.Амарсайхан тэмдэглэлээ. Тэрбээр, “Коронавирусний энэ хувилбар одоогоор хэчнээн хор хөнөөлтэй, өмнөх төрлүүдээс ямар ялгаатай тухай эцсийн дүгнэлт албан ёсоор гараагүй, олон улсын байгууллагууд судалж байгаа тул ард иргэд айж сандрахгүй байх”-ыг хүслээ.