Завхан аймаг 2022 онд 18 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэгтэйгээр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-28 13:38:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг 2022 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь өргөн барилаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8.5.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ирэх оны төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа. Завхан аймаг 2022 онд нийт 36.2 тэрбум төгрөгийн зарлагатай. 18.3 тэрбум төгрөгийн татварын орлоготой, 18 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэгтэйгээр ажиллана.

Ирэх жилийн төсвийн онцлог нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын 40 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Үүний дагуу уул уурхайн “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-аас 6.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрнө. Мөн Монгол Улсын Сангийн яамнаас малын тоо толгойн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг шинэчлэн тогтоохыг чиглэл болгосон байна. Өмнөх жилүүдэд ОНХС-гийн хөрөнгийн 30 хувийг сумдад, 70 хувийг аймагт зарцуулдаг байсан бол 2022 оноос 50 хувийг сумдад, 50 хувийг аймагт зарцуулна. Мөн 2021 онд шинэчлэгдсэн ОНХС-гийн журмын дагуу 2022 онд зураг төсөвгүй ажил, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын үйлчилгээний албан тушаалын ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулах шинэ тогтолцоог бий болгох юм гэв.

Холбоотой мэдээ