Коронавирусний улмаас нас барсан хүний тоо долоо хоногт 10 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-01 14:56:57

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 3.8 сая хүн коронавирусний халдвар авч, 47 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлснээр, халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөгдөөгүй бол нас баралтын үзүүлэлт 10 хувиар буурсан байна.


Өнгөрсөн долоо хоногт халдварын нийт тохиолдлын 70 хувь нь, нас баралтын 61 хувь нь Европт бүртгэгджээ. Тус тивд өвчлөл 7 хувиар нэмэгдсэн бол нас баралт 2 хувиар буурсан байна. Африк тивд 93 хувиар Номхон далайн баруун бүс нутагт 24 хувиар нэмэгдсэн байна. Харин Америк тивд 24 хувиар, Зүүн Өмнөд Азид 11 хувиар буурчээ. Нас баралтын үзүүлэлт Зүүн өмнөд Азид 26 хувиар, Африкт 7 хувиар өссөн бол Америкт 36 хувиар, Газрын Дундад тэнгисийн зүүн бус нутагт 8 хувиар буурчээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, 11 дүгээр сарын 22-28-ны хооронд дэлхий даяар 3 799 878 шинэ тохиолдол илэрч, 47 524 хүн халдвараар нас баржээ. Долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол АНУ (464 800), Герман (406 754), Их Британи (304 374), ОХУ (239 215), Францад (190 402) бүртгэгдсэн байна.


11 дүгээр сарын 30-ны байдлаар, дэлхий даяар коронавирусний халдварын 261 435 768 тохиолдол бүртгэгдэж, 5 207 634 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ