Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсооход хүн бүхний оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-01 16:28:43

Завхан/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр "Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах БАНХАР арт терапи" төсөл аймгийн төвийн ерөнхий боловсролын таван сургуульд хэрэгжиж эхэллээ.

Төслийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн нээлт, төслийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага, ажилтнууд болон сургагч багш В.Бэрцэцэг, сэтгэл зүйч Р.Ханджамц, Г.Отгонтөгс нар гурван өдөр сургалт зохион байгууллаа. 

Энэ сургалтаар үе тэнгийн сургагч, менторуудыг бэлтгэж байна. Мөн багш нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл сургалтад хамрагдаж буй. Өсвөр үеийн хүүхдүүдийн дундах дээрэлхэлтийн асуудалд анхаарлаа хандуулж хүүхэд хүүхэдтэйгээ эергээр харилцах. Багш эцэг эхчүүд хүүхэдтэй харилцах эерэг аргуудаас суралцаж байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байхын тулд харилцааны ямар аргуудыг өдөр тутамдаа хэрэглэх талаар суралцлаа. Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас болж амиа хорлох явдал их гарч байна. Дээрэлхэлтийг зогсооход хүн бүхний оролцоо хэрэгтэй гэдгийг дээрх сургалтад оролцогчид суралцаж, хүүхдүүдэд эерэг хандлага нөлөөллийг хүргэх юм гэж аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ