Нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ариутгал халдваргүйтгэлийн тасаг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-01 17:41:24

Завхан/МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”, “Ковид 19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт” төслөөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн барилгын засвар тохижилтод 367.6 сая төгрөг, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч. ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжид 821 сая 189 мянган төгрөг. "Ковид-19" болон амьсгалын замын хурц халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид 19 сая 790 мянган төгрөг, нийт 1 тэрбум 208 сая 579 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нээлтээ хийлээ. Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн тусламжтайгаар Ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан, зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй боллоо. Мөн мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд хүрлээ. Түүнчлэн "Ковид-19" болон SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношилгоо, эмчилгээний чадавх сайжирснаар коронавирусний халдвараас сэргийлэх. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангахад үнэтэй хөрөнгө оруулалт болж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 



Холбоотой мэдээ