“Цэмцгэр Зуунмод” бүх нийтийн цэвэрлэгээг сар бүрийн гуравны өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-03 21:57:09

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Зуунмод хотын захирагчийн албанаас “Цэмцгэр Зуунмод” бүх нийтийн цэвэрлэгээг зарласан. Тус үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3-ны өдөр Зуунмод хотод үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 м талбайг цэвэрлэж хоггүй, цасгүй цэвэр байлгах юм. Хэрэв 3 сар дараалан бүх нийтийн цэвэрлэгээнд оролцохгүй тохиолдолд олон нийтэд зарлах, мөн Зөрчлийн тухай хуулийг үндэслэн арга хэмжээ авахыг албаныхан мэдээллээ.


Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээнд Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг 50 төрийн байгууллага, агентлагууд, 294 худалдаа үйлчилгээ, бизнес эрхэлдэг аж ахуй нэгж, тус сумын 6 багийн иргэд оролцох юм. Өнөөдрийн байдлаар 30 төрийн байгууллага, 84 аж ахуй нэгж 11:00-13:00 цагийн хооронд оролцсон бол Зуунмод сумын 6 багийн дүнг одоогоор нэгтгээгүй байгаа аж. Бүх нийтийн цэвэрлэгийг хийсэн гэх тайлан мэдээг сар бүрийн 5-ны дотор илгээж байх бөгөөд илгээгүй тохиолдолд цэвэрлэгээ хийгээгүйд тооцох гэнэ. 


Холбоотой мэдээ