“Хүнсний нарийн ногооны өртгийн сүлжээ” судалгааны дүнг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-07 12:32:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас “Хүнсний нарийн ногооны өртгийн сүлжээ” судалгааг хийж, оролцогч талуудад танилцууллаа.

Тус судалгаанд Сайнцагаан сумын нийт өрхийн 10,4 хувь, хүнсний ногоо хэрэглэгч 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хүнсний ногоо тариалагч 20 иргэн хамрагджээ.

Тус аймгийн хэмжээнд 2021 онд нийт 66,3 га талбайд тариалалт хийж, 419,2 тн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал хураан авсан аж.

Дээрх судалгаа нь нэг талаас хүнсний нарийн ногоо тариалалт, нөгөө талаас хэрэглэгчдийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид энэхүү зах зээлийг хэрхэн хөгжүүлэх шийдэл олох зорилготой юм.

Тус судалгаагаар хүнсний нарийн ногооны эрэлт хангалттай байгаа ч орон нутгийн тариаланчид энэхүү зах зээлийг хангаж чадахгүй байгаа бөгөөд түүний шалтгаан нь тариаланчид зөвхөн улирлын чанартай тариалалт хийдэг, худаг, устай газар, талбар хангалтгүй, санхүүгийн боломж тааруу, ажиллах хүч хомсдолтой, одоо байгаа тариалагчдын 75% нь 50-иас дээш настай, туслах ажиллуулж цалинжуулах боломж байхгүй зэрэг асуудлыг хөнджээ.

Хэдийгээр тулгамдсан олон асуудал байгаа ч Дундговь аймгийн иргэд, тариаланчид 1990-ээд оноос эхлэн тариалалт хийсэн тул тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан, орон нутагтаа бага боловч тариалалт хийдэг, хэрэглэгчдэд танигдсан, нарийн ногоо худалдаалдаг дэлгүүр, худалдааны цэг байгаа зэрэг давуу тал, боломжууд байгааг судалгаагаар гаргаж ирсэн байна.

Хэрэглэгчдийн хувьд орон нутгийн хөрсөнд тариалсан хүнсний ногоо нь чанар сайтай, шинэ байдаг хэдий ч үнэ ханшийн хувьд харьцангуй өндөр байгааг дурджээ.

Орон нутгийн хүнсний ногооны зах зээлийг ханган, тариаланчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх гарцыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох зорилготой оролцогч талуудыг оролцуулсан “Хамтдаа шийдье” хэлэлцүүлгийн үеэр судалгааны дүнг ийнхүү танилцуулжээ. 

Холбоотой мэдээ