2021 оны эхний хагас жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээр мал сүрэг 3.4 саяд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-07 15:15:48

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 1.2 сая төл хүлээн авч, гарсан төл 96 хувьтай бойжсон. 2021 оны эхний хагас жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээр мал сүрэг 3.4 саяд хүрч, хонин толгойд шилжүүлснээр 5.1 сая гаруй малтай боллоо.

Одоогоор нийт суманд хужир шүү бэлтгэх, зарим суманд малд тарилга хийх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна. Тус ажил, үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал тогтуун, тааламжтай байна. Аймаг орон нутгийн зүгээс мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хавар, зун бороо хур элбэгтэй, малын ерөнхий тарга хүч сайн авсан бөгөөд малчдын орлогын эх үүсвэр болох ноолуур, ноос, махны үнэ ханш өндөр байсан зэрэг нь 8900 гаруй малчин өрхийн хувьд таатай нөхцөл байдал гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Гэхдээ судалгаагаар бэлчээрийн даацын хувьд  аймгийн дүнгээр нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна.

Харин нутгийн 50 орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 25 орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай байгааг илэрхийлсэн дүн мэдээ болохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж буй.  Мөн энэ жил зуд үүсэх нөхцөл бага байгаа боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай аж.  

Үүнээс гадна  2021 оны долоодугаар сарын сүүлээр Ховд аймагт малын “шүлхий” өвчин гарч, одоогоор 4 суманд байдал хэвийн болоогүй байна.

 

Холбоотой мэдээ