Эрдэмтэд хар материгүй галактик илрүүлжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-12-07 16:28:20

ЛОНДОН. /TASS/. Европ, Америкийн одон орон судлаачид Загасны ордноос хар матери огт байхгүй жижиг галактик илрүүлжээ.


"“AGC 114905” гэж нэрлэсэн уг галактикийн оршин буйг сансар судлалын орчин үеийн онолоор тайлбарлах боломжгүй тул эрдэмтдийн хувьд маш том тайлагдаагүй нууц хэвээр байна" гэж Британийн Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгийн (RAS) хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Хар матери байдгийг тайлбарладаг онолууд нь зарчмын хувьд энэ галактикийн оршин буйг туйлын бодит бус параметрүүдийг ашиглахгүйгээр тайлбарлаж чадахгүй. Мөн эдгээр онолын хувилбарууд ч “AGC 114905” дахь хийн хөдөлгөөний мөн чанарыг зөв тодорхойлж чадахгүй” гэж Нидерландын Гронингений их сургуулийн судлаач Павел Пинья ярьжээ.


Сүүлийн жилүүдэд одон орон судлаачид хар матери огт байхгүй эсвэл маш бага хорь орчим галактик илрүүлсэн байна. 


Энэ галактикуудын таталцлын хүч нь нэн сул байдаг тул сарних үзэгдэл тохиолддог аж. Тиймээс судлаачид тэдгээрийг "хэт сарнисан галактикууд" (UDG) гэж нэрлэсэн байна. Ийм галактикууд олноороо илэрч эхэлсэн нь одон орон судлаачдыг UDG-ийг идэвхтэй судалж, хэрхэн оршин тогтнож буйн шалтгааныг хайхад хүргэжээ.


Пинья болон түүний хамтран зүтгэгчид газарт суурилсан VLA радио дурангаар Загасны ордыг ажиглаж байхдаа өөр нэг ийм галактикийг нээсэн нь “AGC 114905” юм.


“AGC 114905” нь дэлхийгээс 247 сая орчим гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд жигд бус бөмбөрцөг хэлбэртэй ажээ. Түүний оддын масс нь Сүүн замыхтай харьцуулахад ойролцоогоор 400 дахин бага байсан ч сансрын уудамд манай галактиктай адил орон зайг эзэлдэг гэнэ.


Эрдэмтэд уг галактикийн хийн бөөгнөрөлүүдийн эргэлтийг ажиглахад 40 орчим цаг зарцуулсан бөгөөд сансрын өөр биетүүдтэй мөргөлдсөний улмаас хар материйн нөөцөө алдсан байж магадгүйг нотлох баримт олоогүй байна. Түүнчлэн үүсэн бий болсон Орчлон ертөнцийн хэсэг дэх материйн тархалтын шинж чанарын онцлогоос шалтгаалан хар материгүй болсон байж болохыг онолын тооцоолол үгүйсгэжээ.



Холбоотой мэдээ