Австралийн баруун хойд нутгаас ихтиозаврын үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙД | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-12-08 14:58:53

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Квинсленд мужийн Ричмонд хотоос холгүй газраас 110 сая гаруй жилийн настай ихтиозаврын чулуужсан үлдэгдэл олдсон тухай “The Canberra Times” сонин мэдээлжээ.


“Kronosaurus Korner museum” палеонтологийн музейн захирал Роб Айверсын хэлснээр, Ричмондоос хойд зүгт 10 км зайтай газар малтлага хийх үеэр ихтиозаврын толгойн яс олдсон байна. 2018 онд уг газраас устаж үгүй ​​болсон далайн хэвлээр явагчдын үлдэгдэл олдож байжээ. "Бид малтлагын газар дахин очиж, өөр ямар нэгэн үлдэгдэл байгаа эсэхийг шалгахад ихтиозаврын толгойн ясны том хэлтэрхий олдсон" гэж Айверс ярьсан байна.


Эрдэмтэд эхлээд "тав зургаан метрийн урттай том хэвлээр явагчийн" толгойн ясны том хэлтэрхий, дараа нь маш сайн хадгалагдаж үлдсэн хоншоор, шүд, эрүүний ясны хэсгүүдийг олжээ. Урьдчилсан мэдээллээр, Ричмондын орчмоос олдсон яснууд нь дор хаяж 112 сая жилийн настай байна.  


Эрдэмтэд чулуужсан олдворуудыг тодорхойлж, кодчилсны дараа “Kronosaurus Korner museum” музейд дэлгэх аж.


Ихтиозаврууд нь Юрийн галавын эхэн үед (201-145 сая жилийн өмнө) устаж үгүй болсон далайн хэвлээр явагчдын төрөл бөгөөд загастай маш төстэй тул ийн нэрлэжээ.


Холбоотой мэдээ