Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хоригловол шаардлагатай арга хэмжээнүүдийг авна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-12-10 15:32:12

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай АНУ-ын төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.


АНУ хүний эрх гэх нэрийдлээр Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг дотоодын хууль тогтоомжоор хориглох төлөвлөгөөтэй байгаа нь нэг талыг баримталсан протектионизм юм гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Түүний мэдээлснээр, уг шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудтай бүхэлд нь зөрчилдөж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журам, чөлөөт худалдааны дүрмийг ноцтой зөрчихийн сацуу хоёр орны аж ахуй нэгж, хэрэглэгчдийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулна.


Мөн энэ хориг арга хэмжээ нь Шинжааны бүх үндэстний амьжиргаагаа залгуулах, хөгжих зэрэг үндсэн эрхийг ноцтойгоор хохироож, улмаар дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний ачааллыг улам хурцатгаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлнө гэдгийг Гао Фэн анхааруулжээ. 

Холбоотой мэдээ