Отоглох цэгт гарсан хулгайн асуудалд арга хэмжээ авахыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-16 12:17:25

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийг зорин ирэх аялагчдын тав тухыг хангах зорилгоор 2020 онд Хяргас нуурын эрэг дээрх Хэцүү хад, Хар тэрмис болон Увс нуурын хөвөөнд отоглох цэг байгуулсан бол энэ жил нэмж таван цэгийг тохижуулсан байна.

Эдгээр цэгүүд эзэнгүйдэх, хариуцагчийн асуудал хүндрэлтэй байсныг сонгон шалгаруулалтын хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид хариуцуулжээ. Харин зарим отоглох цэгийн нарны станц, гэрэлтүүлгийн орой зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. Тодруулбал өнгөрсөн жил Хар тэрмисийн, энэ жил Үзүүрийн булгийн отоглох цэгт хулгайн хэрэг бүртгэгджээ.

Саяхан хуралдсан аймгийн ИТХ-аар уг асуудал яригдаж, цаашид отоглох цэгийн хяналтыг сайжруулах, хулгай хийсэн эзэн холбогдогчийг илрүүлэх ажлыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм. Мөн нийтийн өмчийг иргэд хулгайлдаг байдлыг таслан зогсоох, сум орон нутгийн удирдах түвшинд иргэдийн хандлагыг өөрчлөх шаардлагатайг анхаарууллаа.

Отоглох цэг нь машины зогсоол, тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч бүхий цогц орчин юм.

Холбоотой мэдээ