ТАСС, МОНЦАМЭ хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-16 19:00:34

МОСКВА. /TASS/. “ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой ТАСС, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн дуранд” үзэсгэлэн Москва хотноо ТАСС агентлагийн төв байранд нээгдлээ.


"Энэ бол 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЗСБНХОУ, Монгол Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурсны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Хоёр орны улс төр, сансар, цэргийн үйл ажиллагаа, соёлын салбар дахь өнгөрсөн болон өнөөгийн хамтын ажиллагааны тухай 20 гэрэл зургийг дэлгэлээ" гэж ТАСС агентлаг мэдээлжээ.


Үзэсгэлэнд Халхын голын байлдаанд зориулсан түүхэн гэрэл зургууд, тухайлбал, Монгол ардын армийн ерөнхий командлагч Хорлоогийн Чойбалсан, ЗХУ-ын жанжин Георгий Жуков нарын уулзалт зэрэг олон түүхэн гэрэл зургуудыг дэлгэжээ. Мөн 1966 онд ЗСБНХУ, Монголын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа авахуулсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал, ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Леонид Брежнев нарыг, 1921 оны 11 дүгээр сард хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээ хийж байсан "Метрополь" зочид буудлын хананд байрлуулсан дурсгалын самбарын нээлтийн ёслолын ажиллагааг бусад гэрэл зургуудаас харж болно.


"Союз-39 сансрын хөлгийн олон улсын багийн ахлагч Владимир Жанибеков, судлаач Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын эх дэлхийдээ буцан ирж буй мөч болон энэхүү нислэгийг сурвалжилсан хоёр улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн зургийг тус агентлагийн гэрэл зурагчид авсан. Үүнээс гадна, Монголын тал Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулсан "Сэлэнгэ-2014" Монгол-Оросын цэргийн хамтарсан сургуулилалт болон соёлын хамтарсан арга хэмжээны гэрэл зургуудыг илгээсэн" гэж ТАСС мэдээлжээ. 


Үзэсгэлэнгийн албан ёсны хэсэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Монгол Улсын Ерөнхий сайд /одоогийн Ерөнхийлөгч/ Ухнаагийн Хүрэлсүх болон УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар нартай хийж буй уулзалт, мөн ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт дээр Халхын голын дайнд оролцсон ахмад дайчидтай мэндчилж буй зургуудыг дэлгэсэн байна.


ТАСС, МОНЦАМЭ агентлагууд мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд 2006 онд гарын үсэг зуржээ.


Холбоотой мэдээ