Дундговийн наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-16 15:48:26

Дундговь аймгийн баяр наадам өнөө өглөө эхэллээ. Аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр баяр наадам эхэлж, Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид “Сонихон говь” тоглолтоороо баярын нээлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэв.

Аймгийн Засаг дарга баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ Дундговь аймгийн бүтээн байгуулалт, хүн зоны хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг наадамчин олонд дуулгаад 75 жилийн түүхтэй Дундговь аймгийн үе үеийн ард түмний хөдөлмөр бүтээл, хөгжил дэвшлийг үнэлсэн энэ шагналын эзэд болсон Дундговьчууддаа дэлгэр сайхан наадахын ерөөл дэвшүүлье гэлээ. Төрийн энэ  шагналыг Дундговьчууд маргааш ёслол хүндэтгэлтэйгээр гардан авна.

Энэ жилийн наадмын нээлтэд зориулж Төв Халхын дуулалт жүжгийн театр “Сонихон говь” тоглолтоо наадамчин олонд өргөн барьж байна. Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдээс гадна СУИС, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцсон 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, найрал дуу, найрал хөгжим голчилсон томоохон тоглолт гэдгийг театрын дарга Д. Доржсүрэн тодотгосон юм.

Монголчуудын бурхан шашны соёл түүхэнд гардаг нэгэн гол дүр болох Цагаан өвгөний цамаар тоглолтыг эхлүүлсэн бөгөөд Цагаан өвгөн нь хулгай дээрэм, элдэв муу зүйлээс хамгаалдаг, зон олон сайн сайхан явах ерөөлийн үгсийг айлдан байхын бэлгэдлээр баруун гартаа эрих барьж, хүмүүн олон урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барин, баян сайн явахын бэлгэдлээр цагаан дээл өмсч цамнадаг энэ дэг жаяг Дундговь аймгийнхны хувьд баяр наадмын нээлтийн нэг уламжлал болоод байгаа юм. “Сонихон говь” тоглолтод хөгжмийн багш Д. Дэлгэрцогтын “Ашдын билэгт Мандалговь”, бүжигчин СТА У. Өнөрбаярын дэглэлт “Ижил тэнгэртэн” зэрэг шинэ уран бүтээлүүд багтжээ. Тоглолтыг театрын найруулагч Ч. Сансармаа найруулав.

Наадмын хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор азарга насны морьдын уралдаанаар эхэлж, 43 азарга уралдсан бол хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд 256 бөх зодоглож байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ