Я.Эрдэнэсайхан: Хоршооны тухай хууль хэрэгжсэнээр орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хоршооны салбар хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хоршооны тухай
хуулийн зохицуулалт болон 100 жилийн
ойн талаар ярьсныг ХХААХҮЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.
-Энэ оны 5 дугаар сард Хоршооны тухай хуулийн
шинэчилсэн найруулгыг
баталсан. Хууль хэрэгжсэнээр хоршоологчдод ямар үр нөлөө үзүүлэх вэ?
Хуулийн үр дүн, ач холбогдол хөдөө орон нутагт байгаа малчин, тариаланчдын амьдралд шууд нөлөөлнө. Тэд хамтарч нэгдээд аж ахуйгаа эрхэлж чадвал илүү үр дүнд хүрнэ. Амьдрал ахуйгаа сайжруулахаас гадна орон нутгийнхаа
хөгжилд нэмэр болно гэсэн үг. Хуулийг
амьдралд хэрэгжүүлээд
эхэлбэл орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгдэнэ. Тухайн амьдарч байгаа орон нутагтаа нэгдээд ямар ч төрлийн хоршоо
байгуулж болно. Ингэснээр хамтын капитал үүсгэж, өөрсдийн гэсэн хөрөнгөтэй болж, орон нутагт шаардлагатай зүйлийг
хийх гол нөхцөл бүрдүүлнэ. Энэ
хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулсан. Мэдээж хоршоог
сайн дурын үндсэн дээр байгуулна. Нэг суманд олон хоршоо байх шаардлагагүй ч эрх нь чөлөөтэй, нээлттэй. Бид 2020 онд сумын загвар хоршоо гэж
байгуулсан. Малчид,
тариаланчдын, хосолмол гэсэн 3 хоршооны загвар боловсруулсан. Нэг хоршоог
дунджаар 900 саяас 1 тэрбум орчим төгрөгөөр байгуулах тооцоо гарсан.
-Хоршоо хөгжүүлэх чиглэлээр төрөөс өөр ямар бодлого хэрэгжүүлж байна?
Ирэх жил бид сум хөгжүүлэх санг, хоршоо хөгжүүлэх сан
болгоно. Тэргүүн ээлжид шаардлага хангасан хоршоонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Нэг суманд талхны 5 цех байгуулаад тавуулаа үр ашиггүй ажилладаг биш хоршоо болж
нэгдэн үр ашгаа хуваадаг болох
хэрэгтэй. Жишээ нь, хоршооны гишүүн гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс талх
худалдаж авбал дараа нь ашиг ирэхгүй, харин хоршооноосоо авбал жилийн эцэст
ашгаасаа хувь хүртэнэ. Малчид ноолуураа ченжид өгөх үү, нийслэлд авчраад алдагдалтай өгөх үү эсвэл
хоршоондоо өгөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв хоршоонд өгвөл орон нутгийн иргэдийн амьдрал, ашиг орлого
нэмэгдэнэ. Нийслэлийн хэрэглэгчид
ч гарал үүслийн баталгаатай,
эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт боловсруулсан, шаардлага
хангасан тээврээр хүргэсэн, ченжийн
гар дамжаагүй мах худалдан авна гэсэн үг. Энэ мэт нэлээн олон зохицуулалтыг хуульд тусгасан. Судлаач, эдийн засагчид энэ
хуулийг сайн болсон гэж дүгнэж байгаа. Иргэдэд хуулиа сайн ойлгуулах нь чухал.
-Социалист
нийгмийн үед манай улсад нэгдэл, хоршоо гэж байсан. Одоо байгуулахаар зорьж
байгаа хоршоо юугаараа ялгаатай вэ?
Энэ хоршоо нь өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед
байсан хоршооноос ялгаатай. Тэр үед хоршооны хөрөнгө төр, нийгмийн өмч байсан.
Харин одоо өөрийнхөө хөрөнгийг
хянаж, өөрөө менежментээ хийн,
хувь нэмрээ оруулж хоршоогоо
байгуулна. Үүгээрээ ялгаатай учир хоршооны гишүүд үр өгөөжөө илүү хүртэнэ. Хоршооны энэ загварыг дэлхийн олон
улс орон туршиж амжилттай хэрэгжүүлсэн. Жишээ нь, БНСУ дайны дараа маш ядуу орон байсан ч хөгжлийн түлхэц энь хоршоо
байсан. Монголд хоршооны хөдөлгөөн бий болоод 10 гаруй жил болсон ч иргэдэд сайн ойлгуулж чадаагүй,
хууль эрх зүйн орчны суурь бүрдээгүй байхад хүчээр хийх гэж оролдсон учир амжилтад
хүрээгүй. Тодорхой түвшинд бол хүрсэн. Тэгэхээр хоршоог хөгжүүлэхийн тулд
эхлээд соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх ёстой.
-Хоршооны тухай хуулийг хэрэгжүүлэхэд ямар ажил хийж байна?
Хууль баталснаас хойш
хэд хэдэн журам боловсруулан
батлуулах шаардлагатай. Эдгээрээс заримыг нь батлуулсан, заримыг нь удахгүй батална. 330 суманд байгаа Сум хөгжүүлэх санг
Хоршоо хөгжүүлэх сан болгож төрөөс
бодлогоор дэмжинэ. Нэлээн
техник ажиллагаа, цаг хүч шаардана.
-100 жилийн өмнө манай улсад хоршоо байгуулсан байдаг. Тэр үеийн
түүхээс товч дурдвал?
Монгол Улсад хоршооны салбар хөгжсөний 100 жилийн ой энэ жил болж байна. 1921 онд Ардын харилцан
туслалцах хоршоог байгуулж байсан. Энэ хоршоо худалдаа, түүхий эдийн зуучлал
хийхийг зорьсон. Тухайн үеийн зорилго өнөөгийнхтэй яг ижил байв. Тэр үед хятад худалдаачид бүх түүхий эдийг хямд үнээр
худалдан авдаг байсан учир малчдад ашигтай
байдлаар буюу хоршоогоор дамжуулан гадны зах зээлд их үнээр борлуулах бодлого баримталж
байсан. Өнөөгийн зорилго ч ялгаагүй.
Тэгэхээр энэ ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан орчин үеийн технологи
ашиглан хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн иргэдээ соён
гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж, эхний ээлжид сайн ажиллаж буй хоршоодоо дэмжих, ижил төрлийн хоршоог олноор бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд гадаад,
дотоодын ТББ-д хандаж, загвар
хоршоогоо үе шаттай тууштай танилцуулна.
-Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ?
Хоршооны тухай хууль батлагдсан мөн 100 жилийн ойг
тохиолдуулан ард иргэдэд хоршооны талаарх мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх, хөрөнгө санхүүгээр дэмжих, 2022 оныг хоршоог дэмжих жил болгон
зарлах ажлыг зохион байгуулна. Энэ
сарын сүүлээр хоршоологчдын чуулган хийж 100 жилийн хугацаан дахь алдаа оноогоо дүгнэн, ирэх 100 жил хэрхэн ажиллахаа төлөвлөнө.
Мөн хоршоологчдын бараа
бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихээр
үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хоршоодыг сурталчлах ёстой. Хоршооны түүхийг харуулсан ном
хэвлүүлж, баримтат кино хийнэ.
Хоршоогоор дамжуулан орон нутгийг хөгжүүлэх нь хамгийн зөв алхам гэдгийг олонд ойлгуулах нь чухал ажил юм. Зорилгоо ойлгоод нэгдэж чадвал хөрөнгө санхүү, сэтгэл гарна
гэж итгэж байгаа.