Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-22 09:29:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон Сэбастиен Сүрүнд баяр хүргээд “Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.


Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа амжилттай батлуулсныг дуулгаад, 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл хот нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг онцлов. Ингэснээр нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдэх, концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй болж байгаа. Мөн хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй “Нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх” төслийн талаар дурдаад, хамтран ажиллахад бүх талаар дэмжихээ илэрхийлжээ.


Харин БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн ирэх жилүүдэд Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхийг хүсээд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэхэд бүх талаар дэмжиж, соёл урлаг, спортын салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.


Уулзалтын төгсгөлд хотууд хоорондын харилцааны бэлэг тэмдэг болсон “Парисын гудамж”-ийг тохижуулах, Парис хотын онцлог хэв шинж, өнгө төрхийг оруулах, сайжруулахад хамтран ажиллах тухай санал солилцов. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх гудамжийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолоор Парисын гудамж хэмээн нэрлэсэн билээ.

Холбоотой мэдээ