Ш.Батцэцэг: Монгол, Чилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг уул уурхайн салбар хэмээн тодорхойлж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2021-12-22 13:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Чилийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсаас Чили улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тодруулав.

 

-2021 онд Монгол, Чилийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү? 

-Монгол, Чилийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байна. 2019 онд хоёр орон улс төрийн зөвлөлдөх механизмтай болж, улмаар Монгол, Чилийн Гадаад хэргийн яамдын анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг Сантьяго хотноо зохион байгуулсан. 2019 оны 12 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна. Хэдий газарзүйн хувьд алс оршдог ч манай хоёр улсад адил төстэй зүйлс олон бий. Тухайлбал, бид эрдэс баялгийн арвин нөөцтэй. Энэ ч утгаар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг уул уурхайн салбар хэмээн тодорхойлж болно. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллаж байна. 


Энэ ондоо багтаан ГХЯ-дын II зөвлөлдөх уулзалтыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Чили улсыг Кубаас хариуцдаг тул Хавана дахь Чилийн Элчин сайдтай байнгын холбоотой, нягт хамтран ажилладаг. Цар тахлын байдал сайжирмагц миний бие Чилийн төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар төлөвлөөд байна. 


Бид энэ ойн жилд нэлээдгүй хэдэн чухал ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хоёр орны бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг тавдугаар сарын 27-нд цахимаар зохион байгуулсан бол Монголын “Mars-V” төсөл, Чили улсын Атакама цөл дэх “NASA”, Европын  сансрын байгууллага хамтран хэрэгжүүлж буй Марс төслийн баг холбоо тогтооход дэмжлэг үзүүллээ. Энэ оноос манай ШУТИС, Чилийн Үндэсний Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуулийн ажиллагааны эхлэл тавигдаад байна. Үүний зэрэгцээ хоёр орны Уул уурхайн яамд санамж бичиг байгуулахад бэлэн болсон, ойрын үед гарын үсэг зурна. Мөн хоёр орны залуучуудын дунд “Чили орны тухай миний төсөөлөл”, “Монгол орны тухай миний төсөөлөл” подкастын уралдааныг зохион байгуулахаар хамтран ажиллаж байна. 

 

-Талуудын хамтын ажиллагааг цаашид ямар чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Уул уурхай, тэр дундаа зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Чили улстай нягт хамтран ажиллаж, уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийн жишигт хүрсэн туршлага, сайн засаглал, худалдаа, бизнес, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах нөөц бололцоо байгаа. Мэдээж манай хоёр улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, байгалийн арвин баялаг нөөцтэй орнуудын хувьд нягт хамтран ажиллах, цаашлаад зэсийн баяжмал боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн бирж байгуулах, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлага мөн аялал жуулчлалын дэд бүтэц бий болгоход туршлага судлан, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Энэ ч утгаараа цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн бодит үр дүнд хүргэхийн төлөө хичээж байна. 


-Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх ямар боломж байна вэ? 

-Худалдаа, бизнесийн салбарт мөн хамтын ажиллагааны эхлэл тавигдаад байгааг өмнө дурдсан. Хоёр орны Гадаад харилцааны яамд, Элчин сайдын яамд, МҮХАҮТ, Чили улсын “ProChile” агентлаг хамтран зохион байгуулсан Монгол, Чилийн бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, хөдөө аж ахуйн чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, мэдээлэл, санал солилцсон. Уулзалтын үр дүнд хоёр талын аж ахуйн нэгжүүд шууд холбоо тогтоон хамтран ажиллахаар тохиролцож, МҮХАҮТ нь Чилийн Экспортыг дэмжих “ПроЧили” агентлагтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон. Чили нь жимс, загас, самар, дарс зэргээрээ алдартай. Саяхан Чилийн зарим бизнес эрхлэгчид Монголд рестораны бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай айлын талаас санал тавьсан. Цаашид манай хувийн хэвшлийнхэн Чилийн талтай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.


Миний бие Чилийн төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр Чилийн худалдааны асуудал хариуцсан төрийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын худалдааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Чили, Куба, Перу, Уругвай, Эквадор улс руу визгүй зорчих нөхцөл бүрдсэн тул цаашид худалдаа, бизнес, аялал жуулчлалын зорилгоор бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах боломж нээгдээд байна. 


-Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад суугаа Элчин сайдын хувьд Чили улсын талаарх Таны сэтгэгдэлийг сонсъё?

-Нобелийн шагналт Чилийн зохиолч, яруу найрагч Пабло Неруда өөрийн намтартаа “Around Ulan Bator, rounded aridity, infinite, opens up, similar to the Atacama Desert in my homeland, interrupted only by groups of camels that make solitude more ancient… But what a wonder it is to have been in Ulan Bator! Even more so for me that I dwell in the beautiful names”” хэмээн өгүүлсэн байдгийг саяхан хоёр орны төрийн тэргүүн нар дипломат харилцааны 50 жилийн ойн баярын захидал солилцох үеэр Чилийн Ерөнхийлөгч Себастиан Пиньера онцолсон байгаа нь сэтгэлийг минь татсан. Саяхан би Азийн орнууд, тэр дундаа Монголын түүх, Чингис хаан судлалаар мэргэшсэн Чилийн Үндэсний их сургуулийн Түүхийн факультетын профессор, доктор Серхио Карраско (Sergio Carrasco)-гаас тун сонирхолтой захидал хүлээн авсан. Тэрээр Их эзэн Чингис хааныг “Time” сэтгүүлээс “Мянганы хүн”-ээр шалгаруулахад Чили улсыг төлөөлөн санал өгсөн юм билээ. Тэрээр 2000 оноос Монголын эзэнт гүрэн, тал нутгийн нүүдэлчин ард түмэн, тэдний ахуй амьдралын талаар Ази судлалын ангидаа тусгайлан заадаг гэдгээ хэлсэн. Тэгэхээр Чилийн иргэд бидний талаар сонирхон судалдаг байх нь. 


Чили тун онцлог улс. Нутгийн хойд хэсэгт орших дэлхийн хамгийн хуурай гэгддэг, зэсийн баянбүрд болсон Атакама цөлөөс 4300 километр сунан үргэлжилсэн нутаг Өмнөд туйлын мөсөн эрэг хүрдэг. “Зэс бол Чилийн талх” хэмээн Ерөнхийлөгч асан Сальвадор Альенде нэгэнтээ өгүүлжээ. 1970 он хүртэл Чилийн эдийн засаг уул уурхайн салбараас үлэмж хэмжээгээр хамаарч, экспортын 90 гаруй хувийг зэс, зэсийн баяжмалын бүтээгдэхүүн эзэлдэг байж. Ийнхүү нэг салбараас хэт хамааралтай байгаа нь эдийн засагт тогтворгүй байдал үүсгэж байсан тул энэ үеэс эдийн засгаа төрөлжүүлэхэд дорвитой анхаарч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан байна. Өнөөдөр уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны тэнцэлд эзлэх хувь бараг тэнцүү болжээ. Мөн 2020 оны байдлаар дэлхийн 66 улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан “ProChile” экспортыг дэмжих агентлаг гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Чили нь чөлөөт эдийн засгийн үзүүлэлт (Economic freedom index)-ээр дэлхийд 19 дүгээрт ордог бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн болсон Латин Америкийн анхны орон. 


Цаашлаад төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зэсийн орлогоос мөнгөн хуримтлал үүсгэн “Нийгэм эдийн засгийг тогтворжуулах сан” буюу “Баялгийн сан”-г байгуулсан. Авлигын төсөөллийн индекс (Corruption Perceptions Index)-ээр дэлхийд 25 дугаарт жагсаж байна. Төрийн албаны шинэчлэлийг мөн тун амжилттай хэрэгжүүлж чаджээ. Төрийн албанд нийгмийн сор болсон мэдлэг чадвартай залуучууд ажилладаг нь төрийн албаны сонгон шалгаруулалтыг олон улсад нэр хүндтэй “head hunting” компаниудаар хариуцуулан гүйцэтгэдэг байна. Мөн Өмнөд туйлын үзэсгэлэнт газрууд, Андын нурууны сүрлэг сайхан байгальд байгуулсан цанын баазууд, нутгийн дунд хэсгээр Газрын дундад тэнгистэй адил цаг агаар нь нэн тааламжтай тул аялал жуулчлалын сонирхол татах газрууддаа түшиглэн жилд ойролцоогоор 4 сая жуулчин хүлээн авдаг. 


ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА


1970 онд болсон Чилийн Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Засгийн газрын тусгай элч, ГЯЯ-ны орлогч сайд Д.Ёндон тэргүүтэй манай төлөөлөгчид уригдан оролцож, мөн үеэр дипломат харилцаа тогтоох тухай анхны яриа хэлэлцээ эхэлсэн түүхтэй. Ингээд 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Монгол, Чилийн хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. 

 

Ерөнхийлөгч С.Альенде Монголын төлөөлөгчдийг хүлээн авч байгаа нь, 1970 он



Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны 9 дүгээр сарын 25-26-нд Чили улсад албан ёсны айлчлал хийсэн.


2018 онд тухайн үеийн Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэр Чилийн Үндэсний Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Фидел Эспинозатай уулзав. Хоёр улс Олон улсын парламентын холбоо (Inter-Parliamentary Union)-ны хүрээнд идэвхтэй хамтран ажилладаг. Монгол, Латин-Америкийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ажиллаж байна. 


2018 онд НҮБ-ын 73 дугаар чуулганы үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна.  



Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 16-нд Сантьяго хотноо болов. Мөн үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Чилийн Гадаад хэргийн дэд сайд Каролина нар “Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр тал цаашид улс төрийн хүрээнд зөвлөлдөх механизмтай болов.


    

Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэх, хоёр улсын Уул уурхайн яамд хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын үед байгуулах, Чилийн тал уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлсэн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ирсэн туршлагаасаа хуваалцах, хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог нэмэгдүүлэх, улмаар бизнес форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хоёр тал НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотлов. 


2021 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нар баярын захидал солилцов. Талууд өнгөрч буй хагас зууны хугацаанд манай хоёр орон, ард түмнүүд бие биеэ танин мэдэж, найрсаг нөхөрлөж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн сацуу цаашид хоёр талын хамтын ажиллагааг уул уурхай, бизнес, эрсдэлийн менежмент, цаг уурын дулаарал зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.


Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа


1997 онд Эрдэнэт үйлдвэр, Чилийн төрийн өмчит компани “Коделко” хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг, 2003 онд Монгол, Чилийн Уул уурхайн яамд хооронд хамтран ажиллах тухай протокол, 2016 онд Эрдэнэс Монгол болон Чилийн Зэсийн комисс “Кочилко” хооронд Эрмэлзэх бичигт (Letter of Intent) тус тус гарын үсэг зурсан.  

2017 онд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд зэс, зэсийн баяжмалын үйлдвэр барьж байгуулах, урт хугацааны хөрөнгө оруулалтын болон концессын гэрээ, хэлэлцээр байгуулах чиглэлээр туршлага судлах зорилгоор Чили улсад ажилласан.

2019 онд Монгол, Чилийн уул уурхайн сайд нар Торонтогийн Уул уурхайн олон улсын чуулга уулзалт (PDAC)-ийн үеэр уулзаж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. 

2021 оны 5 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулагдсан хоёр орны анхдугаар бизнес уулзалтад Эрдэнэт үйлдвэр, “Рио тинто”, “Монголын зэс корпорац”,  Чилийн “Minnovex” буюу Уул уурхайн салбарын инновац, экспортод чиглэсэн компаниудын холбооны төлөөлөл оролцов. 


Чилийн талаарх сонирхолтой баримт


• Чилийн газар нутаг тун өвөрмөц тогтоцтой. Хойноос өмнө зүг хүртэл буюу уртаараа 4300 километр үргэлжилж байхад, өргөнөөрөө дунджаар 180 километр. Баруун хэсгээрээ Номхон далайгаар, зүүн хэсгээрээ 5-6 мянган метрт өргөгдсөн Андын нуруугаар хязгаарлагддаг. Дэлхий дээр хамгийн өндөрт орших, хуурай цөл болох Атакама цөл нутгийн хойд хэсэгт орших бол урд хэсэг нь Өмнөд мөсөн далайн зах хүрдэг. Нийслэл Сантьяго хот 6000 метр өндөр Андын нурууны мөнх цаст уулсын дунд сүндэрлэн оршдог. 


• Дэлхий дээрх хамгийн том зэсийн ил уурхай Чилийн “Атакама” цөлд байдаг “Ла Эскондида” (La Escondida) юм. Атакама цөлд дэлхийн зэсийн нөөцийн 40 гаруй хувь хадгалагддаг. 


• “Робинзон Крузо” зохиолын онгод төрсөн арал. Эх газраас 670 километрт Номхон далайд орших “Хуан Фернандез” (Juan Fernández Islands) арлууд “Робинзон Крузо” зохиолыг бичих онгод өгчээ. 

Холбоотой мэдээ