Улсын начин А. Алтанхуяг аймгийнхаа наадамд түрүүлэв

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-07-18 00:13:49

 Дундговь аймгийн баяр наадамд Эрдэнэдалай сумын харъяат Улсын начин А. Алтанхуяг түрүүлж, Өндөршил сумын харъяат аймгийн арслан Х. Батбаяр үзүүрлэлээ.

Энэ жилийн баяр наадамд Улсын харцага Л. Пүрэвжав, өсөх идэр начин Б. Чинзориг, Ц. Цогтжаргал, улсын начин А. Алтанхуяг, Э. Даш, Г. Олзгэрэл нарын улсын цолтой бөхчүүд зодоглосон бөгөөд улс, аймгийн цолтой нийт 128 бөх уран мэх уралдуулжээ.

Энэ жил Дундговь аймаг баяр наадмаараа хаалттай болон нээлттэй хоёр төрлийн барилдаан зохион байгуулсан. Тодруулбал, аймгийнхаа бөхчүүдийг цолонд хүрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Засаг дарга захирамж гаргаж, баяр наадмын урьд өдөр хаалттай барилдаан зохион байгуулсан юм. Үүнд зөвхөн Дундговь аймгийн 256 бөх зодоглосон бөгөөд шинээр 6 бөх аймгийн цол хүртсэн байна.  Аймгийн арслан цолыг Өндөршил сумын харъяат Х. Батбаяр, аймгийн заан цолыг Эрдэнэдалай сумын Б. Баярмөнх, аймгийн харцага цолыг Адаацаг сумын Э. Ариунбуян, аймгийн начин цолыг Цагаандэлгэр сумын н. Мөнхтулга, Адаацаг сумын Ж. Ганхуяг нар тус тус хүртжээ.

Баяр наадмаар өөр аймгийн бөхчүүд олноор ирж, өөрийн нутгийн бөхчүүд цолонд хүрэх боломжийг хязгаарладаг явдлыг энэ удаад давтахгүйн тулд ийнхүү хоёр төрлийн барилдааныг зохион байгуулсан талаар Үндэсний бөхийн комиссоос тодруулсан юм.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ