ОНЫ ТОЙМ: Олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад оров

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-12-27 14:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс 2021 онд нэгэн томоохон бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг нээж эхлүүлэв. Монгол болон Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын төслийн үйл ажиллагаа энэ онд дуусч нээлтээ 7 дугаар сарын 4-нд хийсэн юм.

 

Нийслэл Улаанбаатар хотоос 50 гаруй километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан энэхүү нисэх буудал нь Монголын шинэ үеийн зуун жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байна. Энэхүү нисэх буудлын зөвхөн цаг уурын судалгааг л гэхэд 10 жилийн туршид хийсэн байдаг. Ингээд аюулгүй ажиллагаанд бүрэн тохирох, барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамгийн боломжтой газар нутагт энэ байршил шалгарсан байдаг.

Нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх тухай  хэд хэдэн удаа зарлаж, тэр болгондоо хойшлуулж байсан, сүүлийн хоёр жилд нь ковидын нөхцөл байдал, хилийн хязгаарлалтын улмаас нээлт, нислэгээ хойшлуулсан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын  анхны нислэг Улаанбаатар-Токио чиглэлд болсон.




Япон улсын хөнгөлөлттэй зээлээр баригдсан энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Япон улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интэрнэшнл Эйрпорт” компани  Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу шинэ нисэх буудлын менежментийн удирдлага хяналтыг хэрэгжүүлж ажиллах юм. Нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд олон улсын стандарт шаардлагад хүрсэн, аюулгүй байдлыг хангасан, тав тухтай үйлчилгээ үзүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтыг ашигтай байлгах, өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг хоёр улсын хамтарсан дээрх компани хариуцна.

 

Энэ бол өдөрт олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, 12 мянга орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай, жилдээ 3 сая хүртэлх зорчигч хүлээж авах, цааш ирээдүйд энэ тоо 10 сая хүрэх боломжтой буудал юм. Дэлхийд дээгүүр орох технологиор бүтээсэн шатахуун хадгалах, хөлөг онгоцыг богино хугацаанд шатахуунаар цэнэглэх чадамжтай, мөн аврах гал унтраах томоохон байгууламжтай. Өндөр хүчин чадлаар богино хугацаанд онгоцыг шатахуунаар цэнэглэх нь нисэх буудлын чанартай үйлчилгээний нэг гол хэсэг нь гэж үздэг. Үүнийг дагаж холболтын нислэгүүд цаашид нэмэгдэх боломж нээгдэнэ. Ингэснээр тийзний үнэ ч буурахад нөлөөлж, олон чиглэлд нисэх сонголттой болно. Энэ чиглэлийн зах зээл томорч өрсөлдөөн нэмэгдэхийн зэрэгцээ илүү өндөр чанартай үйлчилгээ, хямд үнэ бий болох боломжтой юм. Зорчигч тээврийн тоо хэмжээ нэмэгдэх тусам манайд ирэх өгөөж нь их,  өндөр үнээр авдаг шатахууны үнэ өрсөлдөөний зарчмаар буурах болно гэж тооцоолж буй. Энэ бол уг төслийн хэтийг харж төлөвлөсөн зүйлсийн ердөө нэг хэсэг нь. 



 

Нэг бүр нь 2 мянган шоо метр шатахуун хадгалах дөрвөн савтай бөгөөд агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг шатахуунаар цэнэглэх боломжтой.  Мөн олон улсын нислэгийн 5, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой, 24 агаарын хөлгийн зогсоолтой, нислэгийн зурвас нь олон улсын шаардлага стандартыг бүрэн хангасан, нисэх буудлын зурвас ашиглалт 98 хувьд хүрчээ. Харин Буянт-Ухаа дахь нисэх буудлын зурвас ашиглалт 73 хувь байдаг байна. Агаарын хөлөг хоёр талаас хөөрч буух бүрэн боломжтой шинэ буудалд агаарын тээвэрлэлтийн дамжин өнгөрөлт ирээдүйд олон байх боломж бий юм. Агаарын шугамууд шинээр нээгдэж Монгол Улсын агаарын зам дэлхийд нээлттэй болох, зорчигч аялагчдын урсгал, ачаа эргэлтийн тоо нэмэгдэх, эдийн засгийн асар их үр өгөөжийг шинэ нисэх буудал өгөх юм.


Эзгүй талд 50 километрийн алсаас тог цахилгаанаа татаж, яг доороосоо усаа гаргах томоохон хүчин чадал бүхий энэ хэмжээний том Олон улсын нисэх онгоцны буудал барьж байгуулсан тохиолдол дэлхийд одоогоор цөөн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа. Төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажил 2013-2017 оны хооронд ердөө 1290 хоног буюу 3 жил 6 сарын хугацаанд хийгдсэн байдаг. Том бүтээн байгуулалт, барилгын ажлыг богино хугацаанд хийж амжуулахад 10 мянга гаруй ажилчин, гадаад дотоодын 180 гаруй компани оролцсон юм.  Мөн Улаанбаатар, нисэх буудлыг холбосон 32 километр тусгаарлах зурвас бүхий 6 эгнээгээр зорчих Монголын анхны хурдны зам ашиглалтад ороод байна.

 

Эхний ээлжинд нисэх буудалд үйл ажиллагаа явуулах байгууллагууд, агаарын тээвэрлэгчид, Иргэний нисэхийн харьяа байгууллагуудын 2500 орчим хүн энд ажиллана. Нисэх буудлыг түшиглэн бий болох цоо шинэ хот Хөшигийн хөндийд бий болох бөгөөд УИХ-аас баталсан тогтоолын дагуу “Шинэ Зуун мод” хот хэмээн нэрлэх юм.



Холбоотой мэдээ