Ш.Нэмэхжаргал: Өрх бүрийг даамтай болгосон нь өнгөрсөн оны онцлох ажил байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын
“Энхрий багачууд” хүүхдийн цэцэрлэгийн хамт олон гарын доорх материал ашиглан сумынхаа
өрх бүрийг даамтай болгожээ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч
Ш.Нэмэхжаргалтай ярилцлаа.
-“Энхрий багачууд”
цэцэрлэгийн түүхэн замнал хэдэн оноос эхлэлтэй вэ?
-Манай цэцэрлэг анх 1958 онд байгуулагдаж, говь нутгийн хүүхэд
багачуудад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж эхэлсэн байдаг. Өдгөө
64 дэх жилдээ
сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн 7 бүлэгт
200 гаруй хүүхдийг хамруулаад байна. Төрөлх сумынхаа багачуудын ирээдүйн сайн
сайхны төлөө сургуулийн өмнөх боловсролыг чанартай, хүртээмжтэй хүргэх их
үйлсэд нийт 26 багш, ажиллагсад сэтгэлээ зориулан ажиллаж байна.
-Өнгөрсөн он
жилүүдэд гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?
-Хүүхэд хөгжлийн чиглэлээр манай цэцэрлэг сумандаа 18
удаа тэргүүний байгууллагаар шалгарч байсан. Мөн аймгийн хэмжээнд 8 удаа эхний
2, 3 дугаар байрт шалгарсан амжилтын эзэд билээ. “Улсын тэргүүний соёлч
байгууллага”, “Гавшгайч байгууллага”, 2018 онд "Төрийн үйлчилгээний
тэргүүний байгууллага" зэрэг шагнал хүртэж байсан. Бүтээлч, хөдөлмөрч,
нэгдмэл хамт олноороо бахархаж, удирдлагын түвшинд зөв чиглүүлээд явахыг хичээн ажилладаг.
-Хүүхдийг хөгжүүлэхийн
тулд юунд түлхүү анхаардаг вэ?
-Бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр аль болох бүтээлч, үр дүнд хүрсэн олон ажлыг санаачлан зохион байгуулсаар ирсэн. Үүн дотроо хүүхдийг бага наснаас нь ардын өв уламжлал, ёс заншлаас суралцуулах, эх оронч сэтгэлгээтэй иргэн болон төлөвшүүлэхэд анхаарч байна. Мөн хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хүрээнд цэцэрлэгийн 5 настай хүүхэд бүрийг даам тоглож сургах ажлыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Өнгөрсөн жил 5 настай 115 хүүхдийг даамтай болгож чадсан бол үргэлжлүүлэн сумынхаа өрх бүрийг даамтай болгох зорилт тавин ажилласан нь оны онцлох ажил болсон.
Энэ нь
гэр бүлийн орчинд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг үр
бүтээлтэй өнгөрүүлэх, бүхий л насны хүмүүс харилцан суралцах замаар оюунаа
тэтгэх боломжийг бүрдүүлсэн онцлог ажил байлаа. Уг ажлаа дүгнээд “1000 өрх-1000
даам” үйл ажиллагааг зохион байгуулан өрх бүрд даамыг нь гардуулан өгсөн. Ташрамд хэлэхэд 1000 даамыг цэцэрлэгийн багш, ажилчид өөрсдөө гарын доорх
материал ашиглан хийсэн. Ингэхдээ мөнгө зарцуулаагүй, аль болох нөөц боломжоо
ашиглан бүтээлчээр ажилласны үр дүнд өдгөө сумын өрх бүр даамтай болоод байна.
-Цэцэрлэгийн гадна
болон дотно орчны тохижилт өнгөтэй харагдаж байна?
-2018 онд манай цэцэрлэг түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн
өнгөрүүлсэн. Ойн хүрээнд цэцэрлэгийн дотоод тохижилтыг 90 гаруй хувьтай хийж
чадсан. Орчин нөхцөлийг сайжруулахдаа сургуулийн өмнөх байгууллагын стандартыг
хангаж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр цэцэрлэгийн 2
барилга маань нэг нь 75 ортой нөгөө нь 90 хүүхдийн орны хүчин чадалтай.
90 ортой
барилгын хувьд 2019 онд иж бүрэн засварт орсон. Цахилгаан, тоног төхөөрөмж,
цэвэр, бохир усанд холбогдсон гээд ажиллах орчин, нөхцөл хангагдаад байна.
-Сумынхаа
цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаж байна уу?
-Хамран сургалтын хувьд 90,1 хувьтай байна. Хөдөө сумдаас
ялгаатай нь манай сум олон хүн амтай, цэцэрлэгийн насны хүүхэд олонтой байдаг.
Цэцэрлэгийн үйл ажиллагаа, хүчин чадлын хувьд ч Увс аймгийн томоохон цэцэрлэгийн
нэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын үе байсан ч хүүхэд нэг бүрийн
хөгжлийн чиглэлд анхаарч ажилласан. Багш нар маань нөөц боломжоо ашиглаад
сумын төвийн хүүхдүүдийн гэрээр явах, цахим хэрэглээг ашиглах, хөдөө багуудад
цаасан даалгаврыг багийн дарга, багийн эмч нартай хамтран хүргэх, мөн үйл
ажиллагаа, ажил үйчилгээгээ цахим орчинд тайлагнах, сурталчлах ажлыг
орхигдуулахгүйгээр хийж ирсэн. 2021 онд орчин цагийн боловсролын байгуулага
үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж “1000 өрх-1000” даам зорилтот ажил,
цэцэрлэгийн түүхийн замнал фото зургийн өрөөг тохижуулах гээд бүтээлч олон ажил
хийсэн.
-Оны төгсгөлд ямар
ажил төлөвлөн хийв?
-"Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд багш,
ажилчлын дунд илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Мөн “Хүн болох багаасаа-1"
хөтөлбөрийн хүрээнд "Хамгийн гоё ном" аяныг өрнүүлсэн. Энэ хүрээнд
номын төв болон тоглоомын буланг эцэг эхчүүд маань өөрсдөө хийснээр гэр бүлийн
орчинд хүүхэд номтой нөхөрлөх, суралцах, хөгжих орчныг бүрдүүлсэн.
-Та цэцэрлэгтээ
хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Би 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцсан. Улмаар 1990 онд тэр үеийн аймгийн Ардын боловсролын
хэлтсийн даргын томилолтоор төрөлх сумандаа цэцэрлэгийн багшаар ирж ажилласан. Тэр
цаг үеэс хойш энд тасралтгүй 32 жил ажиллахдаа 16 жилд нь цэцэрлэгийн багшаар,
2006 оноос хойш цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна.
-Шинэ жилийн мэндчилгээ
дэвшүүлэхгүй юу?
-Улиран одож буй ондоо манай хамт олон хийсэн ажил,
гаргасан амжилтаа цэгнээд ирэх оны зорилгоо тодорхойлоод байна. 2022 онд бид
бүхний хувьд амжилт руу өртөөлсөн өнгөтэй жил байх болно. Өмнөговь сумын зон
олонд, мөн нийт Увсынхандаа шинэ оны мэндийг хүргэе.
-Баярлалаа танд.