М.Ганбаатар: Сайжруулсан түлшний үйлдвэрт гал гарсан ч шахмал түлшний нийлүүлэлт саатахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-06 15:14:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Таван толгой” ХХК-ийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өнөөдөр гал гарсны улмаас тус үйлдвэрийн нэг шугам бүрэн ажиллагаагүй болжээ. Гэвч сайжруулсан түлшний нийлүүлэлт хэвийн явагдана гэдгийг албаныхан мэдэгдлээ.


Тодруулбал, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймэр тархаагүй байна. Харин үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн ч 7 шугам нь хэвийн ажиллаж байгаа аж. Гал гарсан шугамд үзлэг хийж дууссаны дараа буюу 14-20 хоногийн дотор нөхөн сэргээх боломжтой юм байна. 


Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар "ТВ9" телевизэд өгсөн ярилцлага өгөхдөө, "Таван толгой түлш ХХК-ийн Нэгдүгээр үйлдвэрийн хатаах шугамд 4.00 цагийн орчимд ассан галыг ОБГ-ын алба хаагчид 6.30 цагт унтраасан. Нэгдүгээр үйлдвэр гурван шугамтай бөгөөд гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллагаагүй болж байна. Гал гарсан шугамын хувьд өдөрт 150 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан хэдий ч шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана. Энэ шугамыг нөхөх зорилгоор Зүүн бүсийн буюу Налайх дүүрэгт байрлах үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулсан. Мөн тус үйлдвэрт ажиллах нөөц ажилчдыг бэлтгэсэн. Тиймээс өнөөдөр 640 цэгээс ирсэн 3080 тонн түлшний захиалгын нийлүүлэлт хэвийн байна” хэмээн мэдэгдэв.


Мөн тэрээр, “Түлшийг 180 градусын халуунд хатаадаг бөгөөд температурт бага зэрэг өөрчлөлт ороход л түлш уугих болон асах эрсдэлтэй байдаг. Тиймээс манай үйлдвэр шатах материал үйлдвэрлэдэг тул галын эрсдэлийн өндөр зэрэгт байдаг. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрт галын гурван машин, 25 бие бүрэлдэхүүнтэй анги ажилладаг тул урд шөнө гал гарахад нэмэлт хүч иртэл галыг тухайн хэсэгт нь барьж чадсан. Гал гарсан шалтгааныг холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж байгаа" -г дурдсан юм.


Тус компанийн Зүүн болон Баруун бүсийн үйлдвэрүүд нийлээд өдөрт 3000-3600 тонн шахмал түлш нийлүүлдэг аж. Мөн Улаанбаатар хотын 171 мянган айл өрхийн түлшийг өвлийн цагт хангадаг томоохон үйлдвэрийн нэг юм.




Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус өртсөн байна.

Холбоотой мэдээ