Өнгөрсөн жил 10 цагаан зээрийг тусгай төлбөртэйгөөр агнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-10 15:40:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар дөрвөн сумын таван агнуурын бүс нутаг бий гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Тухайлбал, Шилүүстэй сумын Цахир мандалт, Цагаанхайрхан сумын Хуримт Асгат, Алдархаан сумын Ямаат, Шилүүстэйн мухар, Яруу сумын Мандал уулын газар нутгийг агнуурын бүс нутаг болгон ашиглаж байна. Эдгээр нутгуудад угалз, тэх, янгир, халиун буга, шилүүс, цагаан зээр зэрэг ховор амьтад тархсан байна.

Агнуурын бүс нутаг гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий ан амьтны байршил, тархац нутгийг хэлдэг. Байгаль орчин хамгаалах тухай хууль болон Амьтны тухай хуулийн заалтуудын дагуу тухайн бүс нутгийн ан амьтныг агнаж ашиглахдаа тэдгээрийн нөөц, байршлыг судлан тогтоож, ашиглах, хамгаалах үндэслэлийг боловсруулан, агнуурын бүс нутгийг төлөвлөнө гэж заасан байдаг.

Энэ заалтын дагуу дээрх газруудыг агнуурын бүс нутаг болгон ашиглаж байна. Мөн зэрлэг ан амьтдыг хүний үйл ажиллагаа, малын хэт өсөлт, бэлчээр, уурхайн ашиглалт зэргээс болж нутаггүй болохоос хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс зэрлэг ан амьтдыг агнуурын бүс нутгаар дамжуулан хамгаалах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа гэв.

Ташрамд 2021 онд аймгийн хэмжээнд тусгай төлбөртэйгөөр хоёр угалз, дөрвөн халиун буга, гурван тэх, 10 цагаан зээрийг гадаадын анчдад агнуулжээ. Харин 2022 оны тусгай төлбөртэй ангийн зөвшөөрөл холбогдох яамнаас ирээгүй байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ