Усны нөөцийг хамгаалах бодлого чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-10 16:38:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлж байна.

Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг. Гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар буурсан байна. Тиймээс усны нөөцийг хамгаалах бодлого боловсруулж, олон нийтэд ус ашиглалтын талаарх тогтвортой сурталчилгаа мэдээлэл хийх нь чухал байгааг Хяргас нуур сав газрын захиргаанаас мэдээлэв.

Тус аймгийн гадаргын усны хамгаалалтын бүс нь нийт нутаг дэвсгэрийн 5.8 хувь буюу 483720,4 га талбайг эзэлдэг. Гадаргын усны бохирдол, нөөцийг хомсдохоос сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүсэд байгаа газар ашиглалтуудыг шилжүүлэх арга хэмжээг сүүлийн гурван жил хийж байна. Байгаль орчны яамны гаргасан судалгаагаар Завхан аймаг нь гадаргын усны сүлжээ ихтэй боловч, цэвэр усны нөөц, Монгол улсын хэмжээнд гадаргын болон гүний усны нөөцөөр бага аймагт багтаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, хөрсний усны 0.16 хувийг Завхан аймаг бүрдүүлж байна.

 


Гадаргын усны сүлжээ их байдаг ч усны нөөцөөр баруун бүсдээ бага байна

Завхан аймаг нь усзүйн сүлжээгээр хойд мөсөн далайн ай сав, төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрагддаг. Тодруулбал, хойд мөсөн далайн ай савд Идэрийн гол, төв Азийн гадагш урсгалгүй ай савд Тэсийн гол, Хүнгүйн гол, Байдраг голууд орж байна. Монгол орны нутаг дэвсгэрийг 29 усны ай савд хуваадаг. Тэгвэл манай аймгийн нутаг дэвсгэр нь дөрвөн голын ай савд хамаарагдаж байна.

Нэгдүгээрт, Идэр голын сав, Увс нуур-Тэс голын сав, Хяргас нуур-Завхан голын сав, Дэлгэрмөрөн голын сав гэсэн ай савуудад багтдаг. Гадаргын усны нөөцөөр хамгийн их нь Увс нуур-Тэс голын сав, хамгийн нөөц багатай нь Хяргас нуур-Завхан голын сав газар байна. Харин газрын доорх боломжит усны нөөцөөр хамгийн их нь Хяргас нуур-Завхан голын сав, хамгийн нөөц багатай нь Идэрийн голын сав газар орж байна. Эндээс үзэхэд тус аймгийн хэмжээгээр гадаргын усны сүлжээ их байдаг ч усны нөөц баруун бүсийн хэмжээнд бага байгаа нь харагдаж байна. Иймд усны нөөцийг хамгаалах бодлогыг боловсруулж ажил хэрэг болгох. Гадаргын усанд хамгаалалтын бүс төлөвлөж, ашиглалтыг хязгаарлах бодлогыг сум, аймгийн түвшинд барьж ажиллаж байна. Мөн газрын доорх боломжит усны нөөц бүхий сав газарт олборлох үйл ажиллагаа явуулж буй уурхай болон эдгээр сав газарт амьдарч буй иргэд усны үр ашигтай ашиглалтыг одоогоос эхлүүлэх нь зүйтэй юм гэж аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас нэмж дуулгалаа.  

 

Холбоотой мэдээ