Улаанбадрах сумын малчдын хүнсэндээ хэрэглэдэг мах, сүүг шинжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-11 14:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлын багийнхан өнөөдөр тайлангаа танилцууллаа.


Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Монголын Гидрогеологичдын холбооны эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм.


ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан хэлэхдээ, "Бид Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй газар нутгийн хөрс, ус, цацраг, ургамал болон малын мах, сүүнд судалгаа хийлээ.

Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авсан. Ингэхэд ямар нэгэн хүнд металл илрээгүй. Бүх хөрсний дээжид хүнцлийн агууламж илэрлээ. Энэ нь бусад элементүүдээс их байгаа ч хөрсний бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү давсан үзүүлэлт хоёр цэгт гарсан. Мөн усны судалгааг ураны олборлолт явагдах давхаргын болон түүний дээр ба доор байрлах уст үе, хүн малын унд ахуйн зориулалтаар ашиглах худгуудад хийсэн. Хүн, малын ундны усны зориулалтаар ашигладаг 18 худгийг судалгаанд хамруулсан. Эдгээр худгийн 16 буюу 89 хувь нь хүнцэл, 12 нь фтор, 7 нь уран болон эрдэсжилт, 10 нь натри, 3 нь хатуулаг, хлор, сульфатаар тус тус стандартын шаардлага хангахгүй байна.

Лицензийн талбай дотор амьдардаг Улаанбадрах сумын иргэн Ариунболд болон Зүүнбаян сумын иргэн Норсүрэн нарын хүнсэндээ хэрэглэж байсан мах, тэмээний сүүний дээжид хийсэн шинжилгээгээр хүнд металлын агуулга "Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, MNS 4504 : 2008" стандарт болон ОХУ, Европын холбооны журам, стандартад заасан үзүүлэлтээс бага байсан. Энэ нь айлын мал бохирдолд өртөөгүй, мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой элемент зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулаагүй болохыг харуулж байна” гэлээ.


Ажлын хэсгээс судалгааны үр дүнд доорх дүгнэлтийг хийжээ. Үүнд:

  • Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй. Тухайн газар нутгийн хөрс болон экосистем бохирдолд өртөөгүй.
  • Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй. Хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга өндөр, ундны усны стандартын шаардлага хангахгүй байна. Малчид малаа услах, ундны усны зориулалтаар ашигладаг худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Гэхдээ худгуудын байрлаж буй уст давхарга нь уран олборлох давхаргаас ус үл нэвчүүлэх шавран үеүдээр тусгаарлагдсан тул харилцан бие биеийнхээ усны чанар болон нөөцөд нөлөөлөхгүй.
  • Ураны хүдрийн орших хэлбэр, байршил, олборлолт явагдах газар нутгийн онцлог, олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дулаан, Дулаан-Уул болон Зөөвч-Овоо ордын ураныг газар доор уусган олборлох технологиор ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар болно.
  • Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлсон. Хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна.
  • Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжийг авч шинжилгээ хийхэд ургамалд макро элементүүдээс хөнгөн цагааны илүүдэлтэй, кальци, төмөр, кали, магни элементүүдээс титан нэлээд өндөр агуулгатай байх боловч хэвийн түвшинд байна.
Холбоотой мэдээ