Монгол, Болгарын аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-11 13:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БОАЖЯ, Болгар Улсын Хүрээлэн буй орчин, усны яам 2003 онд байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулан мөрдөж байгаа.


Энэ хэлэлцээрийг сэргээх, ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны хүрээг тэлэхээр БОАЖ-ын сайд Н.Уртнасан, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөл Монгол Улсаас БНБУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахимаар уулзав.  


Уулзалтаар, хоёр улсын аялал жуулчлалын байгууллагуудын хооронд холбоо тогтоож, жуулчдын тоог нэмэхийг дэмжих, аялал жуулчлалын соёл хөгжсөн томоохон хотуудын зочид буудалд Монголын аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг ажиллуулан, үйлчилгээний мэдлэг, чадамжийг нэмэх, Кипр улстай аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ярилцлаа. Мөн кино үйлдвэрлэлийн аялал жуулчлал хөгжсөн Македон Улсад энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах талаар хэлэлцжээ.


Энэ үеэр Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхбат “Манай улсын аялал жуулчлалын холбоод зочид буудал, зочлох үйлчилгээний чиглэлээр тус улстай хамтран ажиллах боломжтой аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг харилцан солилцож байгаа. Энэ чиглэлээр хоёр тал хамтран ажиллахад БОАЖЯ гүүр болж, хувийн хэвшлийг дэмжинэ” гэдгийг тодотгов.


Хоёр тал шаардлагатай мэдээлэл судалгааг нэгтгэн дараагийн уулзалтад танилцуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ