Төслийн үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүн сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-12 16:39:55

Архангай /МОНЦАМЭ/. “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл 2020-2023 онд хэрэгжиж байна. Төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй.

Төсөл хэрэгжсэний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүн сайжирч, улмаар иргэд мэдээлэл харилцааны технологид суурилсан цахим платформыг ашиглан, шаардлагатай мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх боломжтой болох аж. Мөн төв, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын дэвшүүлсэн тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Төслийн үр шимийг 21 аймаг, 9 дүүргийн төрийн үйлчилгээ авагч иргэд, үндэсний болон орон нутгийн иргэний нийгэм, технологийн түүчээ байгууллагууд, төрийн захиргааны төв болон орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүртэх юм.

 

"Глоб Интернэшнл төв" ТББ-ын МАСАМ II төслийн баг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Төслийн баг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж, төслөө танилцуулан, санал бодлоо солилцлоо.

 

Мөн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг аймгийн ЗДТГ-ын шилэн танхимд зохион байгуулж дуусч байна. Уг сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

 

Дараа нь төслийн баг олон талт буюу төрийн байгууллага, иргэд, ИНБ-ууд, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулсан “Оролцоот шийдэл” нэртэй хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлага, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох, улмаар хамтын оролцоотой тодорхойлсон асуудлаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулах юм.

МАСАМ II төсөл нь хамтын ажиллагаанд суурилсан нийгмийн эгэх хариуцлагын үйл явцыг бэхжүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг /МХТ/ өргөнөөр ашиглах, төсвийн хуваарилалт, төрийн үйлчилгээнд оролцоот хяналт-шинжилгээ хийх чиглэлээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, бодлогын түвшинд байгууллагуудын уялдаа холбоо, чадавхыг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа нутагшуулан өргөжүүлэх гэсэн үндсэн дөрвөн хүрээнд хэрэгжинэ. Төслийн хэрэгжилтийн шатанд иргэдийн, иргэний нийгмийн төдийгүй төрийн байгууллагуудын мэдээлэл ашиглах, бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.  

Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сан ажиллаж байна.

Холбоотой мэдээ