Одой галактикаас хэт масстай хар нүх илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-01-12 16:32:44

МОСКВА. /nat-geo/. Одон орон судлаачид манай гаргаас 110 сая гэрлийн жилийн зайд орших “Canes Venaticc” /Орд байлдаан/ хэмээх бүлэг одны орны одой галактикаас хэт масстай жижиг хар нүх илрүүлжээ.


“Mrk 462” галактикийн зүрхэнд байрлах энэхүү хар нүхний масс нь нарныхаас 200 000 дахин их аж.


Уг хар нүхийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Чандра” рентген дуран авайн тусламжтайгаар илрүүлсэн байна. Энэ нь нуугдмал хэт масстай хар нүхийг одой галактикаас илрүүлсэн анхны тохиолдол юм.


Илүү том галактикуудаас одон орон судлаачид ихэвчлэн галактикийн төв дэх оддын хурдацтай хөдөлгөөнөөр хар нүхийг илрүүлдэг байна. Харин одой галактикууд хэт жижиг бөгөөд бүдэгхэн байдаг тул орчин үеийн ихэнх төхөөрөмжүүд илрүүлэх боломжгүй байдаг аж. “Mrk 462” галактикийн хувьд одон орон судлаачид өөр аргыг ашиглажээ. Тэд томорч буй хар нүхнүүдийн шинж тэмдгүүдийг хайсан байна. Хэрэв хар нүх томорч байвал, хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хэдэн сая градус хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулдаг ажээ.


Судлаачид найман одой галактикаас ялгарах цацрагт дүн шинжилгээ хийхэд зөвхөн нэгд нь томорч буй хар нүхний шинж тэмдгүүд ажиглагджээ. “Mrk 462”-ын хэт масстай хар нүх нь халуун хийгээр халхлагдсан болохыг цацрагийн эрчим нь харуулж байгаа аж. “Ийм хар нүхнүүд үнэндээ одой галактикт байнга тохиолдож болох боловч шууд ажиглалтад үл үзэгддэг болохыг энэ нээлт харуулж байна” гэж эрдэмтэд хэлжээ.


“Орчлонт ертөнцөд хар нүхнүүд яаж ийм эрт ийм том болсон бэ? гэдэг одон орон судлаачдын гол асуултын хариуг олоход дээрх нээлт нь ихээхэн чухал юм” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Райан Хикокс онцолсон байна.


Холбоотой мэдээ