Австрид насанд хүрсэн бүх хүн вакцинд заавал хамрагдах журам хэрэгжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-17 08:59:37

ВЕНА. /BBC/. Австри улс насанд хүрсэн бүх хүн амаа коронавирусний вакцинд заавал хамрагдах шийдвэр гаргасан Европын анхны орон болох гэж байна. Энэ оны хоёрдугаар сараас 18-аас дээш насны бүх иргэн коронавирусний вакцин заавал хийлгэнэ гэж тус улсын Канцлер Карл Нехаммер мэдэгджээ.


Ийм журам нэвтрүүлэх шийдвэрийг Австрийн парламент ирэх пүрэв гарагт батлах төлөвтэй байна.


Өмнө нь ковидоос сэргийлэх вакцинжуулалтад 14 ба түүнээс дээш насны бүх австричуудыг заавал хамруулахаар төлөвлөж байсан бол одоо энэ журмыг зөвхөн насанд хүрэгчдийн дунд хэрэгжүүлэхээр шийджээ. Харин жирэмсэн эмэгтэйчүүд болон вакцины эсрэг заалттай хүмүүст хамаарахгүй байна.


Нехаммер ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүст их хэмжээний торгууль ногдуулна гэжээ. Торгуулийн хэмжээ нь 600-3 600 евро байх аж.


Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, Австрийн хүн амын 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд энэ нь хөрш орнуудтай нь харьцуулахад бага зэрэг сул үзүүлэлт юм. Бямба гарагт тус улсын нийслэл Вена хотод вакцинд заавал хамрагдах журмыг эсэргүүцсэн жагсаал болж, 27 мянга орчим хүн оролцжээ.


Холбоотой мэдээ