Нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн онгоцоор татан авна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-17 12:13:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны удирдлагууд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ”ЭМ” холбоо ТББ-тай хамтран Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж бүхий Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-ийн эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Коронавируст халдварын 4 дэх давалгаа буюу омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эдгээр үйлдвэр эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. Харин БНХАУ-аас татаж  авах зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буйг энэ үеэр хэлж байв.

 

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр тусгай онгоц өнөөдөр нисгэж БНХАУ-аас нөөцийг татан авах юм. Үүнд, дуслын шингэн, системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр эдгээр үйлдвэрийн шаардлагатай байгаа түүхий эд ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, яаралтай татан авахаар боллоо.

 

Танилцах уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, газар, хэлтсийн дарга нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ” холбоо ТББ-ын тэргүүн, гүйцэтгэх захирал, дээрх компанийн захирал холбогдох албан тушаалтнууд оролцов.





Холбоотой мэдээ