Саатуулагдаж буй иргэдэд 1000 орчим номоор үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-17 12:28:57

Архангай /МОНЦАМЭ/.  Аймгийн номын сангийн дэргэдэх зөөврийн номын сангаар хамгийн их үйлчлүүлсэн байгууллагаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шалгарчээ.

Тус байгууллага нь хорих ангид хоригдож байгаа иргэдийн сэтгэлзүйг засах, ухаарал, тайвшрал олгох, мэдлэг боловсролд нь эерэг нөлөө үзүүлэх зорилгоор аймгийн Номын санд хүсэлт тавьж, зөөврийн номын сангийн үйлчилгээг авч эхэлсэн байна.

Хорих ангид саатуулагдаж байгаа иргэд сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдаг аж. Харин ном унших боломжоор хангаснаар тэдний хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ. Хоригдож байгаа иргэд ихэвчлэн түүхэн, бодит явдлаас сэдэвлэсэн, ухаарал хайрласан номуудыг захиалдаг байна.

Аймгийн ШШГГ жилийн хугацаанд давхардсан тоогоор 988 номыг 248 хүнд хүргэсэн байна. Номын сангийн Зөөврийн номын үйлчилгээ жилд 12-15 байгууллагад номоо хүргэдэг. Гэвч өнгөрсөн хоёр жил үйл ажиллагаа нь зогсонги байх үед ШШГГ-аас ийнхүү саатуулагдсан иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг санаачлан зохион байгуулсан нь мэдрэмжтэй ажил болсныг онцолж байв.

Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сурч боловсрох, уншиж, мэдэх эрх нь хасагдаагүй. Тиймээс цаашдаа ч зөөврийн номын сангийн үйлчилгээг байнга хүргэж, хамтран ажиллахаа Номын сангийн хамт олон хэлж байв.

Холбоотой мэдээ