Б.Мөнхзаяа: Төрийн 198 төрлийн үйлчилгээг иргэдэд "Үйлчилгээний нэгдсэн төв" хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-17 13:19:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн менежер Б.Мөнхзаяатай ярилцллаа.

 

-Үйлчилгээний нэгдсэн төв хэдийнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-2016 онд Монгол Улсын Засгийн газрын 141 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 339 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болж өөрчлөн зохион байгуулагдаад байна. Мөн 19 суманд “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгон ажиллахыг дээрх тогтоолд заасныг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Ямар байгууллагын хэчнээн үйлчилгээг төвлөрүүлэд байгаа вэ?

-Үйлчилгээний нэгдсэн төвд таван байгууллагын 10 мэргэжилтэн ажиллаж, 198 төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй үзүүлж байна. Үүнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  баг хариуцсан мэргэжилтэн, Баянхонгор сумын газрын даамлууд, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, E-Mongolia операторын үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн багтаж байгаа.

-Үйлчилгээний нэгдсэн төвийн нээлттэй утас ажилладаг. Ачаалал хэр байдаг бол?

-2021 онд Үйлчилгээний нэгдсэн төвийн нээлттэй утас 70440001 дугаарт 312 дуудлага хүлээн авсан. Үүнд Онцгой комисстой холбоотой 265, Байгууллагын үйл ажиллагаа буюу албан хаагчдын утасны дугаар, мэйл хаягтай холбоотой 35, Иргэдийн  санал хүсэлт 12 тус бүр ирүүлсэн. Энэ он гарсаар 20 гаруй дуудлага хүлээн аваад байна.   

-Иргэд хүлээн авах төвийн тухайд?

-Манай төвөөр дамжуулан аймгийн Засаг даргын иргэдтэй уулзах уулзалтыг зургаан удаа  зохион байгуулсан. Энэ хүрээнд 117 иргэн өөрсдийн санал, хүсэлт, тулгамдаж байгаа асуудлаа ярилцсан бөгөөд иргэд голчлон газар болон тусламж, ажил хүссэн, төсөлтэй холбоотой, хүнсний талон, гэр хүссэн асуудлаар хандсан байгаа. "Ковид - 19" цар тахлын нөхцөл байдлын улмаас халдварын тархалтаас сэргийлж “Аймгийн Засаг даргын иргэд хүлээн авах өдөр”-ийн зохион байгуулалтад өөрчлөлт орж, цөөн тооны иргэдийг биечлэн хүлээн авах уулзалтын цагийг өгч бүртгэлжүүлж байна.   

-E-Mongolia  операторын үйлчилгээ иргэдэд хэр хүртээмжтэй байгаа бол?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд түргэн шуурхай хүндрэлгүй хүргэх зорилго бүхий E- Mongolia төслийн  Операторын  ажлын хүрээнд Баянхонгор аймагт иргэдэд 54 төрлийн үйлчилгээг хүргэж байна. Өмнөх онд нийт 3682 иргэнд лавлагаа мэдээлэл гарган өгч үйлчилсэн. Иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгө, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, вакцины гэрчилгээ зэрэг үйлчилгээг голлон авч байна.

Мөн Е-Mongolia цахим  үйлчилгээгээр дамжуулж, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн 5 иргэнд дахин захиалах үйлчилгээ, 3 иргэний энгийн гадаад паспорт захиалах үйлчилгээ, 65 иргэний жолооны үнэмлэх сунгах, дахин захиалах (Торгууль.мн сайтаас иргэдийн  торгуулийн  мэдээллийг шалгаж өгч, төлбөрийг  цахим банкаар төлөх) үйлчилгээг тус тус хүргэсэн.

-Үйл  ажиллагаагаа иргэд олон нийтэд сурталчлан мэдээлэх хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Е-hutuch.mn цахим хуудасны талаар 200 брошур бэлтгэж, үйлчлүүлсэн иргэдэд тарааж, үйлчилгээний нэгдсэн төвийн зааланд байрлах Е-hutuch киоск машинаас хуулийн мэдээлэл татан хэвлэх үйл ажиллагааг байнга сурталчилдаг. Мөн www.e-mongolia.mn цахим хуудасны мэдээллээс үзүүлж буй 54 төрлийн ажил үйлчилгээтэй холбоотой заавар, зөвлөмж бүхий постер, видео шторк, бусад мэдээллийг олон нийтийн сүлжээ болон орон нутгийн мэдээ мэдээллийн хэрэгслээр түгээн ажилладаг. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу Баянхонгор аймгийн “Орон нутгийн хөгжлийн хөрөнгө”-өөр 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс авах саналыг “Үйлчилгээний нэгдсэн төв”-д үйлчлүүлсэн 500 иргэнээс авч хүргүүлсэн.

-Үйлчилгээний нэгдсэн төв дэх байгууллагуудаас иргэдэд хүргэсэн үйлчилгээний талаар?

-Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн баг хариуцсан мэргэжилтэнгүүд 10254 иргэнд, Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн  улсын бүртгэгч 3254 иргэнд, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч  3599 иргэнд, Баянхонгор сумын баг хариуцсан газрын газрын даамлууд 8728 иргэнд, Хууль зүйн туслалцааны төв нь 38 хэргийн 36 хүнд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж 268 иргэнд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэн нийт 304 иргэнд үйлчилсэн. Үйлчилгээний нэгдсэн төв нь өмнөх оны жилийн эцсийн байдлаар иргэн аж ахуйн нэгж байгууллагад давхардсан тоогоор 25835 иргэнд нэг цэгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай, нээлттэй хүргэлээ.

-Цаашид юун дээр анхаарч ажиллах вэ?

-Аливаа нэг үйлчилгээ авахын тулд маш олон байгууллагаар явдаг, цаг хугацаа ч маш их зарцуулдаг. Тийм болохоор Нэгдсэн төв маань төрийн үйлчилгээг нэг дороос олгодгоороо онцлогтой, иргэдэд цаг хугацаа хамгийн чухал шүү дээ. Тийм ч учраас дутагдалтай байгаа үйлчилгээг нэгдсэн төвөөр дамжуулан олгоход илүү анхаарч ажиллаж байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлж цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд аймаг орон нутаг төсөв төлөвлөгөөндөө тусгаад байна.

Холбоотой мэдээ