Ш.Отгонжаргал: Хэчнээн гоё хувцас байлаа гээд оёдол муутай байх юм бол ямар ч насгүй бүтээл болно

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-18 21:13:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол брэндийг хөгжүүлэхэд хувцас үйлдвэрлэлээрээ ихээхэн хувь нэмэр оруулж байгаа “Монлайн – Өвөрхангай” салбарын захирал Ш.Отгонжаргалтай ярилцлаа. “Монлайн” спорт хувцасны салбарыг  Өвөрхангай аймагт нээгээд 5 жил болж байна. Ойн хүрээнд брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгч, үйлчлүүлэгдэдээ талархлаа илэрхийлэх зорилгоор “Өвлийн үдэш” загварын шоу тоглолтыг зохион байгуулсан юм.


-Загварын шоу нь Өвөрхангайд урд өмнө болж байгаагүй, үзэх сонирхох зүйл ихтэй, өвөрмөц үйл ажиллагаа боллоо. Нэг эмэгтэй хүнд бол ахадсан ч гэмээр санагдлаа. Мэдээж, ар тал, туслагч олон байсан байх?

-Байгуулагдсан он цаг богинохон ч хийсэн, бүтээснээ дүгнэхээр багагүй тоо гарч байна. Энэ хугацаанд 20 мянга гаруй хувцас үйлдвэрлэжээ. Хаана л явна, манай хувцсыг өмссөн хүмүүс таарч байдаг. Энд тэндээс уралдаан, тэмцээнд ирсэн хүмүүс “Танайх тэр чигээрээ Монлайн юмаа” гэж хэлдэг л дээ. Гэхдээ бас мэдэхгүй хүн ч олон байна. “Ийм үйлдвэр байдаг юмуу, хаана байдаг юм бэ, танайхыг хайгаад олсонгүй” гэх хүмүүс байдаг. Тиймээс олон түмэнд үйл ажиллагаагаа сурталчилья, хамтран ажилладаг хүмүүс, хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье, шинэ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулья гэж зориглоод загварын шоуг зохион байгуулсан. Үнэхээр өөртөө хүндэдсэн ачаа үүрсэн, маш их ядарсан гэдгээ хүндэт зочдоо үдэж өгснийхөө дараа л мэдэрлээ. Заримдаа ганцаардах үе ч их байсан. Гэсэн ч хүсэл зорилго минь байсан учраас өөрийгөө зоригжуулаад л явж байлаа.

Энэ үйл ажиллагааг эхлүүлж, ард нь гарахад хамгийн том түлхэц, хүч өгсөн хүн бол “Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр ах юм. Анх санаагаа ярихад л маш их дэмжиж, “Чи чадна, болно, бүтнэ” гэж зоригжуулж байсан. Тоглолтод маань хүрэлцэн ирж, тайзны нүүр царай болж өгсөн МУГЖ Д.Отгонбаяр ахдаа их талархаж байна. Монлайны ерөнхий захирал А.Чимэд-Очир ах маань өөрийн найзууд болох МУСТА Х.Оюунбилэг эгчийг гэр бүлийнх нь хүний хамт урьж, тайзыг минь бас өнгөлж өглөө. МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, дуучин Э.Дашням гээд олон сайхан дуучид хүрэлцэн ирж, дуун мялаалга өргөлөө. 

Өвөрхангай аймгийн “Содон гоёл” оёдолчдын холбооны бүсгүйчүүд маань миний ар талд хүч, дэм болон зогсож байлаа. “Соёлыг дэмжих залуусын зөвлөл”-ийнхөн шоуны зохион байгуулалтад их хувь нэмэр оруулсан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж, Аррвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Гольфын холбооныхон болон миний найз нөхөд, ар гэрийнхэн гээд дэмжиж, тусалж, сэтгэлийн дэм үзүүлж байсан бүх хүмүүстээ баярлалаа.

-Шоуны сонирхол татсан нэг үзүүлбэр бол дээлийн дуудлага худалдаа байсан. Энэ тухай сонирхуулаач?

-Япон торгоны “JIRO Upcycling” дэлгүүрээс хамтран ажиллах санал тавьж, загварын шоунд маань энэ бүтээлээрээ оролцсон юм. Хүр хорхойн шүлсээр нэхсэн, хээг гараар зурсан, өнгө, материалын хувьд цор ганц, давтагдашгүй, 100 жилийн эдэлгээтэй бүтээл. Дуудлага худалдаагаар өндөр үнэ хүргэж зарахдаа гол нь биш, үзэгчдээ хөгжөөе л гэж бодсон. Тэр залуу билгийн нүдтэй юм, эхнэрт нь ч маш сайхан зохисонд баяртай байгаа.

Хэрвээ анзаарсан бол загварын шоугаар спорт хувцаснаас гадна монгол цамц, хүрэм, дээл гэхчлэн 60 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан. Цаашид япон торгоор размерийн дээл гаргахаар зорьж байгаа учраас тэрхүү брэндээ танилцуулах нь миний гол зорилго байлаа. Япон торгыг их сонирхдог. Нэлээн хэдэн жилийн өмнө Youtube-ээс япон торгыг үйлдвэрлэж байгаа бичлэгийг үзээд яг энэ үйлдвэр дээр очих юмсан, зурж, хийж үзэх юмсан гэж хүсч оволзож байсан юм. Энэ хүсэл мөрөөдлөө одоо ч тээсээр явна.

Кимоно торгоны хээ дахин давтагдашгүй байдаг. Үе дамжсан гар урчууд маш их цагийг зарцуулж, гар аргаар нэхэж боловсруулдаг учир торго бүр цор ганц хувь бүтээгддэг төдийгүй үнэ цэн, чанар, уран нарийн хийцийг давхар илтгэдэг, үнэхээр гайхалтай эд л дээ.

-Ойн хүрээнд өөр ямар ажлууд хийв?

-2021 ондоо багтаад 50 хүүхэд баярлуулъя гэж зорьж, өнгөрөгч 12 дугаар сард “Би спортод хайртай” гар зургийн, “Би Монлайнаар гоёх дуртай” гэрэл зургийн уралдаан, мөн Монлайнаар гоёсон “Flash Mob” уралдааныг зарласан. Цар тахлаас шалтгаалаад хүүхдүүд багагүй хугацааг хязгаарлалтад өнгөрүүлж байна. Хөл хорио хүний нийгэмших явцыг тасалдаг болохоор нэг хүүхдийг ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд туслахыг хүссэн юм. Энтертаймент мэргэжилтэй болоод ч тэр үү, хүүхдүүдийн дунд энэ чиглэлээр олон удаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байлаа.

Мөн өсвөр үеийн U16 Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдад тоглолтын болон бие халаалтын иж бүрэн хувцсыг хандивлалаа.

Манайх байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хувцсыг бусдад дэмжлэг үзүүлж хандивласан байна. Улсын болон Олон улсын тэмцээнд Өвөрхангай аймгаа төлөөлөөд явж байгаа тамирчдад “Бусад аймгийнхнаас илүү гоё хувцас өмсгөчих юмсан” гэж бодоод байдаг юм. Тэд маань ч “яллаа, медаль авлаа, амжилттай оролцлоо” гээд зургаа явуулахад нь их огшдог шүү.

Тамирчдад сэтгэлзүй их чухал байдаг. Санаандаа таарсан чанартай хувцсаар жигдрэх нь ялалтын уухай болж, сэтгэлзүйн том нөлөө үзүүлдэг юм билээ. Мөн манайхаар байнга үйлчлүүлдэг, жилд хоёр хувцас хийлгэдэг хүмүүс ч байна. Тэдгээр үйлчлүүлэгчдэдээ бас тодорхой хэмжээгээр урамшуулал, хөнгөлөлт үзүүлнэ. Үнэхээр ивээн тэтгэлэг үзүүлчихмээр эсвэл үнийг хямдруулаад өгчихмөөр сэтгэлийн урам дэм үзүүлэх шаардлагатай хүмүүс байна.

Гэхдээ өгчихлөө гэж өөрийгөө товойлгохыг хүсдэггүй. Өгч байж авдаг гэсэн бизнесийн хууль байдаг. Бусдад тусалж ивээн тэтгэснээрээ би хоосорно гэж байхгүй. Хувцас оёдол хийж, орлого олж байгаагийн хувьд буцаагаад зориулах ёстой гэж боддог. Илүү гарсандаа, баян цатгаландаа биш, зүгээр л нийгэмдээ хувь нэмэр оруулах гэсэн миний сэтгэлийн хүсэл, зориг юм даа.

-Шоуны үеэр 60 гаруй хувцасны загвар үзүүлсэн байна. Загвар өмсөгчдөө хэрхэн сонгосон бэ?

-Загварын шоундаа зориулаад model casting /шалгаруулалт/ хийсэн. Залуу үе маань чацархаг, царайлаг болсон байна. Ер нь бол би энд тэндээс том загвар өмсөгч авахыг боддоггүй юм. Өөрийгөө нээхийг хичээдэг, загвар өмсөх хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд аймагт зөндөө байгаа. Тэр хүүхдүүдээ дэмжье гэж боддог.

Монлайны нэг жилийн ойгоор загвар өмсөж байсан, тэр чиглэлээр өөрийгөө хөгжүүлээд модель шоуны шилдэг загвар өмсөгч болсон Оюундарь гээд охин маань энэ тал дээр маш их тусалсан. Хүүхдүүдээ сонгоод хариуцаад явсан л даа.

Шоуны үеэр хувцаснаас гадна цүнхний загвар, хийцийг танилцуулсан. “Гоо брэнд”-ийн нэг бүтээгдэхүүн бол цүнх юм. Эмэгтэйчүүд гоё дээл өмсчихөөр жирийн цүнхээ голоод байдаг шүү дээ. Утсаа, будаг шунхаа хийчихмээр жижиг хэрнээ тансаг, эвтэйхэн цүнх баримаар санагддаг. Гэвч худалдааны цүнх ихэнхдээ хар бараан эсвэл гялгар эдлэлүүд их байдаг. Тэрийг бодолцоод торгоор цүнх гаргая гэсэн зорилготой байгаа. Энэ чиглэлээр сургалт авч, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж байна. Хүн насан туршдаа суралцагч байдаг учраас ажиллахын зэрэгцээ сураад л явж байна даа.

-Дээл, цамц, цүнх гэх мэт бүтээгдэхүүнүүддээ хадны сүг зураг, өв соёлыг шингээж урласан нь их сонирхолтой санагдлаа. Ямар учиртай юм бол?

-Аймгийн Соёлын хэлтсийн Л.Пүрэвлхам эгч манай бүтээгдэхүүнээр дамжуулаад хадны сүг зургийг нутгийн брэнд болгон хөгжүүлмээр байна гэсэн санал тавьсан. Тэгээд судалж үзээд боломжтой санагдахаар нь “Занабазар арт” фестивалийн үеэр МУГЖ Д.Отгонбаяр, МУСГЗ, шог зураач Ц.Цогтбаяр, Өндөр Гэгээний наадмыг санаачлагч, зохион байгуулагч С.Чулуунбаатар болон Л.Пүрэвлхам эгчид зориулаад хадны сүг зураг шингээсэн үндэсний хувцас хийж бэлэглэсэн юм. Цаашид энэ өв соёлын талаарх мэдлэгээ илүү баяжуулж, аль бүтээгдэхүүнд ямар зургийг шингээх талаар сайн судалж байгаад хувцас урлалдаа шингээнэ гэсэн бодолтой байна.

-Монлайн 21 аймагт салбартай. Бусад аймгийнхантайгаа хамтарч ажилладаг уу?

“Монлайн” ХХК нь спорт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг 2012 оноос эхлүүлж, 21 аймагт салбараа нээсэн. А.Чимэд-Очир захирал маань маркетинг чиглэлээр сайн ажилладаг мундаг хүн л дээ. Энэ хүнээсээ суралцах, үлгэр дуурайлал авах зүйл их байдаг. Спорт хувцас бол Монлайны гол брэнд юм. Сүүлийн жилүүдэд спорт хувцасны хэрэглээ улам ихэсч байна. Хүмүүс спирт гэхээс илүү спорт дагахыг хүсдэг болсон. Ялангуяа сая хөл хорионы үед спортоор цангаж байгаа нь илүү мэдрэгдлээ. Хөл хорио тавигдсаны дараа хувцасны захиалга ихэсч ачааллаа даахгүйд хүрсэн.

Бусад аймгийн салбарынхантайгаа бид нэг гэр бүл учраас байнга харилцаж, хамтарч байдаг. Жилд нэг удаа туршлага солилцох зорилгоор уулзалт зохион байгуулдаг. Ачаалал ихсэх, материал тасрах гээд чухал үеүдэд нэгэндээ их тус, дэм болдог оо. Монлайны салбарт мэргэжлийн оёдолчид, зохион бүтээгчид ажилладаг. Бид чинь салбартаа төдийгүй, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд ч их идэвхтэй оролцдог юм.

-Цаашид үндэсний хувцас үйлдвэрлэл рүү нэлээн анхаарах юм байна гэж бодогдлоо?

-Сая хөл хориогоор миний үйл ажиллагаа зогсож, гэртээ суусан. Энэ үед цаашдаа бизнесийн ямар сувгийг шинээр нээж болох вэ, би юу хийж чадах вэ гэж их бодлоо. Миний хувьд зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Мөн миний эргэн тойрны хүмүүс ихэнхдээ зураач, дархчууд байдаг. Тийм ч учраас би соёлыг дэмждэг, соёлд дуртай, бүтээлч, шинийг эрж хайж санаачлахдаа идэвхтэй. Цаашид соёлын бүтээлч үйлдвэрлэл рүү орох сонирхолтой байна. Үндэсний хувцсаар дагнасан платформ хийж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа худалдан авалт хийх боломжийг олгохоор зорьж байгаа. Сүүлийн үед монгол дээлний хэлбэр, загварыг өөрчлөөд утга учраа алдаж байгаад эмзэглэж явдаг юм. Хэн өмсөхөөс шалтгаалаад загвар, хийцийг өөрчилж болох ч үндсэн хэлбэрээ хадгалах ёстой гэж боддог.

-Танайх хэдэн хүнтэй ажилладаг вэ?

- Долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогоор халдварт өвчлөлөөс шалтгаалаад манай оёдолчид эсгүүр, загвараа аваад гэр гэртээ ажиллаж байгаа. Өвчин, томуу дуусч, сайхан цаг ирэхээр дахиад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Би оёдолд стандартыг барьж ажиллах шаардлага тавьдаг. Хэчнээн гоё хувцас байлаа гээд оёдол муутай байх юм бол ямар ч насгүй бүтээл болно. Оёдол сайн, өнгө, загвар сайтай хувцас чинь хүний сэтгэлд хүрнэ, удаан эдэлгээтэй байна.

Ярилцсанд баярлалаа.  Үйл нь уран, үйлс нь бүтэн байг ээ.

Холбоотой мэдээ