Дарханы замын ажлын явцыг хагас сар бүр мэдээлж байхыг үүрэг болгов

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-19 19:19:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын баг ЗТХЯ-ны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажлын талаар мэдээлэл сонслоо.


Дээрх чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 5 багц хэсэгт хуваан эхлүүлсэн. Өнгөрсөн онд нийт барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрчээ. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажлыг өнгөрсөн оны 3 дугаар сард мөн 5 багц хэсгээр эхлүүлсэн. Нийт барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгааг танилцууллаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчилж тавих үндсэн ажил болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Тухайн хугацаанд замыг бүрэн ашиглалтад оруулна гэдгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдэгдлээ.



Ажлын хэсгийнхэн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дарханы замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайланг гаргах, цаашдын ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулахыг үүрэг болгов. Мөн бүтээн байгуулалтын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын нөхцөл байдлын үед бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарч, туслах замуудыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өгөв.


Ташрамд мэдээлэхэд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны 10 дугаар сард Дархан-Улаанбаатар хот хооронд зам тавих ажлын явцыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хянах, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын багийг байгуулсан юм. 

Холбоотой мэдээ