Анхдугаар хурлаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-20 15:01:32

Өнгөрөгч 7 хоногт аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авч, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг батламжилсан. Мөн аймгийн ИТХ-д олонхийн суудал авсан Монгол ардын намаас Цагааны Отгонбаярыг сонгох саналыг оруулж, аймгийн ИТХ-ын даргыг сонгох санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгосон юм.

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11 байхаар тогтоож, хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан төлөөлөгч Ц.Отгонбаяр, Ж.Алтанцэцэг, Н.Оюун, М.Мөнхбат, Ц.Төмөрбаатар, Э.Энхбат, Ц.Энхтөр, Б.Нацагдорж, Н.Баярсайхан, Т.Отгонбаатар, П.Рэнцэнпэлжээ нарыг Тэргүүлэгчээр сонгосон. Мөн үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олонхийн суудал авсан Монгол ардын намаас аймгийн Засаг даргад Гончигдорж овогтой Батжаргалыг нэр дэвшүүлж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 61 хувийн саналыг авсан бөгөөд нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилжээ.

Хуралдааны төгсгөлд, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гарган хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлагч Б.Батсуурь, гишүүнээр Ц.Энхтөр,  С.Готов, Ж.Хүрэлбаатар, Ц.Сэмжиддорж, Э.Энхбат, М.Мөнхбат бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Холбоотой мэдээ