Өндөршил сумынхан тэмээний баяраа хийв

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-20 18:03:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сум тэмээнийхээ тоогоор аймагтаа 4-т жагсдаг. Тус сумын Соёлын төвөөс санаачлан ЗДТГ, малчид, тэмээчидтэйгээ хамтран тэмээний өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг маш өргөн хүрээнд зохион байгуулж байна.


Өндөршил сумыг “Тэмээний сахиустай нутаг” хэмээн ярилцдаг. XVIII зууны тэргүүн хагаст Манж нар Зүүнгар (Ойрад)-тай байлдахдаа Халх олноос цэргийн хэрэгцээнд төрөл бүрийн олон мянган малыг дайчлан гаргуулж зарцуулж байсан ба үлдсэн тэмээг цэргийн бэлтгэл сүрэг болгож, Түшээт хан аймагт зүүн, баруун хэсэгт “үржил сүрэг” болгон ардуудаар маллуулж байжээ. Тэр сүргийн зүүн хэсгийг Өндөршил, баруун хэсгийг Хулд, Дэлгэрхангай сумын нутагт маллаж байж. Тэмээг маллуулахаар Ховд, Хэнтий, Говь-Алтай, Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгаас малчдыг нутаг заан авч ирж, одоогийн Өндөршил сумын нутагт суурьшуулсан түүхтэй. Тэмээн сүргийн нэг суурь 10 мянган тэмээтэй байсан бөгөөд маллаж буй айл нэгийг ч дутаалгүй маллах үүрэгтэй. Дутаавал төлдөг хуультай байсан гэнэ. Манжийн хааныг Монгол орноос хөөн явуулсны дараа энэхүү тэмээн сүрэг “Богд хааны төмөр тэмээн сүрэг” болсон  аж. Тус сумын Орон нутгийг судлах музейд 250 гаруй жилийн түүхтэй тэмээний “үржил” тамга соёлын үнэт өв болон одоо ч хадгалагдаж буй.


Тэмээний энэ их өв соёлыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Тэмээний соёл-тэмээчдийн баяр-2022” үйл ажиллагааг ийнхүү зохион байгуулжээ.

Энэ үеэр нутгийнхаа алдартай тэмээчдийг сурталчлан таниулах, “Тэмээ тэнгэрлэг амьтан” гар зургийн уралдаан зарлан бүтээлийн үзэсгэлэн гаргах, Ерөөлч магтаалчдын зүүн бүсийн уралдаан, “Шилмэл ингэ”, “Шилмэл буур” шалгаруулах, тэмээ, торомны уралдаан, “Гоё тэмээтэй, сайхан хос” шалгаруулах тэмцээн, Цагаан идээ, тэмээний ахуйн тоног хэрэгслэл, угсаатны зүйн үзэсгэлэн, тэмээчдэд зориулсан сургалт гээд “Өв соёлын өлгий-Өндөршил” сумынхан энэ жил тэмээний баяраа ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.    

Тус сумаас төрөн гарсан Улс, аймгийн аварга тэмээчид олон бий. БНМАУ-ын аварга тэмээчин Б.Намсрай, Т.Лувсанбалдан, И.Данзан, Монгол Улсын сайн малчин, Мөнгөн буурны эзэн Н.Сумъяа, Аймгийн аварга тэмээчин, БНМАУ-ын Ардын их хурлын депутат С.Ухна, Аймгийн аварга тэмээчин Д.Хайдав, Аймгийн аварга тэмээчин, аймгийн алдарт уяач Ж.Жигмэддорж, Аймгийн аварга тэмээчин Д.Батсүх нарын тэргүүний сайн малчдаараа бахархаж, тэдний ажил үйлсийг цахимаар сурталчлан таниуллаа.  


Засаг даргын  орлогч  Л.Мөнхбадрахаар ахлуулсан ажлын баг 5 хоног, 2 багийн    тэмээчин өрхөөр орж буур, ингэнд хэмжилт хийх, ашиг шим, үүлдэр угсаа гарвалын талаар судалж, тэргүүний тэмээчидтэй уулзаж, ярилцлага хийх, өв соёлоо сурталчлах гээд бэлтгэл ажлыг ханган ажиллажээ. Тэмээ ашиг шим сайтай, сүү цагаан идээ, мах нь эрүүл мэндэд ашиг тустай, цагийн хатууд тэсвэртэй, хариулга, маллагаа бага шаарддаг, сүү саалийг нь 4 улиралд авч ашиглах боломжтой, ачилга, уналгад ашигладаг олон талын ашигтай амьтан гэдгийг аварга малчид, тэмээчид батлан ярьж байна.        


“Тэмээ тэнгэрлэг амьтан” гар зургийн уралдаанд 11 хүүхэд 13 бүтээлээр оролцож, бага ангийн сурагчдын ангилалд сурагч М.Алтангэрэл “Нүүдэл, Жаргалын найман тэмээ, Тэмээний уралдаан” бүтээлээрээ түрүүлж, О.Оюунбилэг “Тэмээний зэлэн дээр”, Ц.Анхмаа “Хавар”, Б.Сувд -Эрдэнэ “Ихэр ботго” бүтээлээр удаах байруудад оржээ.

Дунд ангиас Н.Дашням “Тэмээн жин” бүтээлээр тэргүүлж,  О.Эрхэмбилэгтийн “Говь”, Б.Төгөлдөр “Тэмээний уралдаан” Г.Янжинлхамын “Тэмээ” бүтээлүүд удаалсан байна.


Ерөөл магтаалчдын зүүн бүсийн уралдаанд Өлзийт сумын ардын авъяастан Б.Ууганбаяр түрүүлж, Сайхан дулаан сумын ардын авъяастан  Г.Сүрэнхор, Баянжаргалан сумын ардын авьяастан  Хандсүрэн нар удаалж, Өндөршил сумын оролцогч Т.Мөнхцэцэг, Өлзийт сумаас оролцсон Ц.Отгонбаатар нар тусгай байрт шалгарчээ.

2022 оны Тэмээний баярын үеэр болсон бас нэгэн сонирхолтой уралдаан бол Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулах тэмцээн байсан.

Тус уралдаанд 12 буур, 23 ингэ оролцож, ашиг шим өндөртэй “Шилмэл ингэ”-ээр нэгдүгээр багийн “Аймгийн аварга малчин” Б.Амгаланбаатарын “Хүрэн улаан  ингэ” шалгарч, хоёрдугаар багийн малчин Н.Жавхлантын “Улаан шар ингэ”, нэгдүгээр багийн “Аймгийн сайн малчин” С.Эрдэнэсайханы “Хүрэн ингэ” тусгай байрыг эзэлсэн.

2022 оны “Шилмэл буур”-аар нэгдүгээр багийн малчин Б.Батэрдэний “Хар буур” тодорч, “Аймгийн аварга  малчин” Э.Алтанхуягийн “Улаан буур”,  2-р багийн малчин Б.Даваасамбуугийн “Халтар буур” тусгай байрт шалгарчээ. 

Холбоотой мэдээ