Баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРТулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмаа Баянхонгор аймаг энэ сарын 16-18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсан байна. Хонгор нутгийн баяр өргөн дэлгэр сайхан болж, Баянбулаг сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлж, хурц чимэг, Аймгийн харцага Д.Бямбасүрэн долоон даван үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. Жаргалант сумын харьяат М.Батбаатар шөвгийн дөрөвт үлдэж, аймгийн харцага цол хүртсэн бол Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших их шөвөгт үлдэж залаандаа цэнхэр зураас нэмлээ. Мөн энэ жилийн наадмаар Эрдэнэбуян, Болдбаатар нар аймгийн начин болсон байна.
Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймаг орон нутгийн хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн баяр наадмын баярын хурал дээр гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 19, Хөдөлмөрийн хүндэт медалиар 21, Цэргийн хүндэт медалиар 2 хүнийг тус тус шагнасан байна.