Биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл болгосон шийдвэрээ цуцлахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-01-26 15:31:09

ВАШИНГТОН. /TASS/. Биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцлахыг Олон улсын валютын сан /ОУВС/ Сальвадор улсын эрх баригчдад уриалжээ.


Тус байгууллагын төлөөлөгчид Сальвадорын эрх баригчидтай улс орных нь эдийн засгийн байдлын талаар хэлэлцжээ. Тодруулбал, Сальвадор цар тахлаас учирсан хохирлоос хурдан сэргэж байгаад анхаарлаа хандуулсан байна. 


"Сангийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд "санхүүгийн хүртээмжтэй байдлыг дэмжих нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийн дижитал хэрэгслүүд, тэр дундаа "Chivo" цахим хэтэвч ийм үүрэг гүйцэтгэж болохыг тэмдэглэв. Гэсэн хэдий ч тэд шинэ Chivo экосистем болон биткойнтой холбоотой хатуу зохицуулалт, хяналт шаардлагатай байгааг анхаарууллаа" гэж ОУВС-гийн мэдэгдэлд дурджээ. 


Тэд мөн биткойныг ашиглахтай холбоотой санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн салбар дахь нягт нямбай байдал, хэрэглэгчийн хамгаалалтын талаар томоохон эрсдлүүд байгааг анхааруулсан байна. Түүнчлэн биткойны тухай хуулийг хэрэглэх хүрээг багасгаж, төлбөрийн албан ёсны хэрэгсэл статусыг нь хүчингүй болгохыг уриалсан байна. 


"ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлийн зарим гишүүн "биткойноор баталгаажсан бонд гаргахтай холбоотой эрсдэл үүсэж болзошгүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн" гэж мэдэгдэлд мөн дурджээ.


Биткойныг АНУ-ын долларын хамт төлбөр тооцооны албан ёсны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн хууль Сальвадорт 2021 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм. Тус улс энэхүү дижитал валютад ийм статус олгосон дэлхийн анхны улс болсон билээ.


Холбоотой мэдээ