Чингисийн талбайд 350 уран нугараачийн үзүүлбэр болно

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2016-07-21 09:31:29

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд наймдугаар сарын 6-нд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулах болжээ.

Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугралтыг Геннисын номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, "Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм. Харин ирэх сард "Эвлэх уянга буюу ер бусын эрчим" этно мюзикл, "UB FOOD" фестиваль болон "Моно жүжгийн наадам" зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ