Израилд архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцины дөрөв дэх тунд хамруулна

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-28 17:47:51

ЙЕРУСАЛИМ. /CNN/. Израилын Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунд архаг хууч өвчтэй 18-аас дээш насны иргэд, өндөр эрсдэлтэй хүмүүсийг асарч буй хүмүүс, халдвар авах эрсдэл өндөр ажил эрхэлдэг хүмүүсийг хамруулахыг албан ёсоор зөвшөөрчээ.


Тус улсад вакцины дөрөв дэх тунг гурав дахь тунгаа хийлгэснээс хойш хамгийн багадаа дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа хүмүүст тарьж байгаа юм. Одоогоор Эрүүл мэндийн яам ямар ажил эрхэлдэг хүмүүсийг халдвар авах эрсдэл өндөр гэсэн ангилалд оруулахаа хараахан танилцуулаагүй байна.


Энэ долоо хоногийн мягмар гарагт Израилын Засгийн газрын “COVID-19”-ийн асуудал хариуцсан зөвлөх ажлын хэсэг вакцины дөрөв дэх тунг 18-аас дээш насны, гурав дахь тундаа хамрагдаад таван сарын хугацаа өнгөрч байгаа хүмүүст тарихыг зөвлөжээ.


Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, вакцины дөрөв дэх тунгийн үр дүнгийн талаарх урьдчилсан судалгаанд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нэмэлт тунд хамрагдсан 60-аас дээш насны иргэдийн дархлааны түвшинг гурван тун тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад 3-5 дахин өндөр байжээ. 

Холбоотой мэдээ