Хоёр олимп зохион байгуулж, олимпын мөрөөдөлд түүчээлэгч Бээжин хот

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-02-03 10:16:13
@ShoovdorBatbold

Сюй Синь 2008 оны зуны олимпын наадмын үеэр олимпын тосгонд

Шведийн багийн медалийн хүснэгтийн өмнө зогсож буй нь.


БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсын нийслэл Бээжин хотыг түүх болон соёлын баялаг өв сан гэдгээр нь л дэлхий дахин төсөөлдөг байж магадгүй. Цаашид Бээжин бол олимпын мөнхийн бэлгэ тэмдэг, зуны болон өвлийн олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот гэж Хятадын олон иргэн бахархан дурсах болно. Бээжин бол олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч бөгөөд олимпын мөрөөдөлд түүчээлэгч юм. 


ХУРДАН, ЦЭВЭРХЭН, ТУРШЛАГАТАЙ

Сюй Синь 1997 онд 18 настайдаа Бээжингийн Гадаад хэлний их сургуульд элсэн орохоор Бээжинд анх хөл тавьж байжээ.

“Бээжинд илүү олон боломж байна, ялангуяа над шиг хэлний ангийн оюутнуудад хөгжиж дэвших боломж их юм байна гэж би энэ хотод анх ирэхдээ бодож байсан” гэж Сюй Синь дурсан ярив.

Сюй Синь швед хэлний анги төгсжээ. 2001 оны зун буюу 2008 оны олимпыг зохион байгуулах эрх аваад хот даяараа баяр хөөртэй байх үед тэрбээр сургуулиа төгссөн байна. 

2008 оны олимпыг зохион байгуулахад 98 улс орон, бүс нутгаас ирсэн 74,615 сайн дурын ажилтан тусалсан бөгөөд олимпын тосгонд Шведийн багт орчуулгын үйлчилгээ үзүүлсэн багийн гишүүний нэг нь Сюй Синь аж. Тэрбээр олимпын наадмын үеэр хэд хэдэн тэмцээн уралдаан үзэж, алдартай тамирчидтай уулзаж, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнттай зура авхуулж байжээ.

Зав чөлөөгүй ажиллаж байсан ч тэр өдрүүдийн талаар ярихад Сюй Синийн царайнд үргэлж инээмсэглэл тодордог байна. 2008 оны олимпоос хойш тэрбээр янз бүрийн зорилго, шалтгаанаар олимпын тэмцээн уралдаан болж байсан газруудад очсон ажээ. Тухайлбал, сагсан бөмбөгийн тэмцээн болж байсан “Укесон” цэнгэлдэх хүрээлэнд тэрбээр тоглолт үзэхээр саяхан очсон байна. Мөн Бээжин хот өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, цэвэрхэн болж буйг, нийтийн тээврийн сүлжээ нь хүртээмжтэй болсон нь түүнд илт мэдрэгдэх болжээ.

Бээжингийн өвлийн олимпын наадам хаяанд ирээд буй энэ үед Сюй Синь хоёр дахь удаагаа олимпын сайн дурын ажилтан болох хүсэлтээ гаргажээ.

“Бээжин-2022” өвлийн олимп болон паралимпын наадамд сайн дурын ажилтнаар ажиллах гэж буй Бээжингийн Зам, тээврийн их сургуулийн оюутнууд. 2022 оны 1 дүгээр сарын 22-нд авсан зураг. (Синьхуа/Жэнь Чао)


"Манай хот хэдхэн жилийн дотор хоёр олимп зохион байгуулсан хот болох гэж байна. Энэ бол итгэмээргүй зүйл. Би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж бодож байна. Би хоёр дахь удаагаа олимпын наадамд сайн дурын ажилтнаар ажиллах гэж байна” гэж тэрбээр ярилаа.

“Бээжин-2022” өвлийн олимп болон паралимпын наадамд сайн дурын ажилтнаар ажиллахаар нэг сая гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд тэднээс өвлийн олимпод 27 мянга, паралимпод 12 мянган сайн дурын ажилтныг сонгон аваад байна.

Сайн дурын ажилтнуудын дунд хүүхэд залуус олон байгааг хараад 2008 оны өөрийгөө олж харах шиг болсон гэж Сюй Синь ярьсан юм.

Бээжингийн замын зарим эгнээнд 2008 оны олимпын тэмдэглэгээ хэвээр буй бол зарим хэсэгт нь 2022 оны олимпын наадамд зориулсан тусгай эгнээний тэмдэглэгээнүүд шинээр тавигдаад буйг тэрбээр анзаарчээ.

“Сүүлийн 14 жилийн хугацаанд манай улсад харилцаа холбооны технологи хурдацтай хөгжиж, харилцаа холбоо тогтооход илүү хялбар болсон. Хятад улс томоохон арга хэмжээг зохион байгуулах туршлагатай бөгөөд энэ удаад сайн дурынхны үйлчилгээ ч улам сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр ярьсан юм.


СҮР ЖАВХЛАНГААС ТОГТВОРТОЙ БАЙДАЛ РУУ

Сюй Синь өвлийн спортын нэр томьёо сурах гээд завгүй байхад Ли Зюлинь "Мөсөн тууз" хэмээх үндэсний гүйлтийн тэшүүрийн шинэ ордныг туршиж, хүлээлгэн өгөх гээд мөн л тун завгүй байна. Ли Зюлинь бол тус ордны бүтээн байгуулалтын ерөнхий инженерээр ажилласан хүн юм.


Хятад улсын нийслэл Бээжин хот дахь Үндэсний тэшүүрийн ордны дотоод үзэмж.

2022 оны 1 дүгээр сарын 22-нд авсан зураг. (Синьхуа/Зюй Хуаньзун)


Тус ордон нь одоогоос 14 жилийн өмнө “Бээжин-2008” зуны олимпын наадмын нээлтийн ёслол болсон “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнгээс 3.5 км зайтай буюу Бээжин хотын хойд хэсэгт оршдог.

Ли Зюлинь 2003 онд 35 настайдаа “Шувууны үүр”-ийн инженер болж байжээ. 80 мянган хүний багтаамжтай тус цэнгэлдэх хүрээлэн нь “дэлхийн хамгийн том төмөр хийц” гэдгээрээ алдартай.

"Бээжингийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн барилга нь Хятадын барилгын салбарын шинэ эрин үеийг эхлүүлсэн, олон төрлийн инновац шингэсэн бүтээн байгуулалт болсон бөгөөд тэдгээрийн ихэнхийг өнгөрсөн хугацаанд улам боловсронгуй болгож, Үндэсний хурдны тэшүүрийн ‘Мөсөн тууз’ ордныг барихад нэвтрүүлсэн " гэж тэрбээр ярив.

Зардлыг танах үүднээс 2008 оны олимпын наадмын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан зургаан ордныг “Бээжин-2022”-т ашиглаж байна. “Мөсөн тууз” бол 2022 оны өвлийн олимпын наадамд зориулан эхнээс нь барьсан цорын ганц мөсөн спортын ордон юм.

“Бээжин-2022” олимпын наадмыг ногоон, тогтвортой, нүүрстөрөгч багатай буюу байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулах зорилтыг Хятад улс дэвшүүлсэн учир Ли болон түүний багийнханд гангийн хэрэглээг багасгахын тулд хэд хэдэн техникийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарсан байна. 

“Мөсөн тууз” нь 12 мянган хав.дөр.метр талбай бүхий мөсөн гадаргуутай буюу Ази дахь энэ төрлийн хамгийн том ордон юм.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор мөсийг нь хийхдээ хөргөлт хийх технологи ашигласан бөгөөд энэ нь байгаль орчинд хамгийн ээлтэй хөргөлтийн арга юм. Ли Зюлинийн багийнхны гуравны нэг орчим нь түүний нэгэн адил зуны болон өвлийн олимпын наадмын аль алиных нь бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцжээ.

“Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүд аливаа улс орны тодорхой цаг үеийн чадавхыг харуулж байдаг. ‘Шувууны үүр’ нь зочдыг сүр жавхлангаараа гайхшруулсан бол ‘Мөсөн тууз’ шинэ ордонд хөгжлийн шинэ шинж чанаруудын нэг болох тогтвортой байдлыг тусгасан болно. Хоёр олимпын наадмын бүтээн байгуулалтын ажилд оролцоно гэдэг миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг” гэж тэрбээр ярилаа.


МӨРӨӨДЛИЙН ЭХЛЭЛ

Харамсалтай нь, тэшүүрчин Юй Юнжунь энэ олимпын наадмаар “Мөсөн тууз” ордонд тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болжээ. ДАШТ-ий алтан медальт тамирчин 2001 оноос буюу Бээжин хот 2008 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан тэр үеэс шорт-трекээр хичээллэж эхэлсэн байна. 

“Олимпын эрх авах үед хүмүүс яаж баярлаж байсныг бид сайн санаж байна. Олимп гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал арга хэмжээ бөгөөд би хэзээ нэг өдөр олимпын наадамд оролцоно гэж мөрөөддөг байсан” гэж Юй Юнжунь ярив.


АНУ-ын Солт-Лэйк хотод болсон Шорт-трекийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 1500 метрийн урьдчилсан шатны тэмцээнд

Хятадын тамирчин Юй Юнжунь оролцож буй нь. 2011 оны 10 дугаар сарын 21-ний зураг. (Синьхуа/Ян Лэй)


“Бээжин-2008” зуны олимп нь Хятадын олон жирийн иргэнийг спортод дурлуулсан байна. Энэ олимпын дараа буюу 2009 онд Юй Юнжунь Хятадын шорт-трекийн үндэсний шигшээ багт элсжээ. Тэрбээр 2010/2011 оны улиралд Квебекийн ДАШТ-д 1000 метрийн төрөлд дэд байр эзэлсэн бол 2011/2012 оны Шанхай, Нагоягийн ДАШТ-үүдэд багийн нөхдийнхөө хамтаар 5000 метрийн буухиа төрөлд алтан медаль хүртэж байжээ. Гэхдээ бүх зүйл зөв замдаа орсон мэт сэтгэгдэл өөрт нь төрж байх үед тэрбээр хүнд бэртсэн байна. Ингээд тэрбээр 2014 оны Сочигийн өвлийн олимпын наадмыг өнжихөөс өөр аргагүйд хүрч, зодог тайлжээ.

Гэсэн хэдий ч Юй Юнжунь олимпод оролцох мөрөөдлөө хаяагүй байна. Тэрбээр хоёр жил гадаадад суралцсаныхаа дараа өвлийн спортыг сурталчлах зорилгоор Хятадын өмнөд нутгийн Юньнань муж руу нүүж, тус мужид шорт-трекийн баг байгуулсан байна. Дараа нь Бээжин рүү буцаж, 2008 онд шорт-трекийн үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилогджээ. Харин тэрбээр 2020 онд Бээжин хотын Яньцин дүүрэгт орших "Мэнциюань” буюу “Мөрөөдлийн эхлэл” гэсэн утга бүхий нэртэй тэшүүрийн клубт элсэж, тус клубын бага болон дунд ангийн сурагчдад хичээл зааж, сургуулийн багуудын бэлтгэлийг хангахад тусалдаг болсон байна. Мөн тэрбээр өөр шиг нь спортын мөрөөдлөө биелүүлэхийг зорьж буй 16 дадлагажигчийг дасгалжуулсан байна.

"Манай үеийн шорт-трекчид ихэвчлэн өвлийн спорт сайн хөгжсөн Хятадын зүүн хойд нутгийн хүмүүс байдаг. Харин над дээр дадлагажсан хүмүүс Юньнань, Сычуань зэрэг баруун өмнөд нутгийн дулаан мужуудаас ирсэн байсан” гэж тэрбээр ярив.

Хятадын үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Бээжин хот 2015 онд авснаас хойш Хятадын 346 сая иргэн өвлийн спортын арга хэмжээнүүдэд оролцсон бөгөөд тэдний дотор түүний шавь нар болон дадлагажигчид ч багтжээ.

Хятад улсад өдгөө олон улсын стандартад нийцсэн 654 мөсөн талбай бий бөгөөд энэ нь 2015 оноос хойш мөсөн талбайн тоо 317 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн гадна болон доторх цанын баазын тоо 2015 онд 568 байсан бол өдгөө 803 болж өсөөд байна. 

Юй Юнжунийн хэлснээр, Яньцин нь Хятадын шорт-трекийн гол бааз болох төлөвтэй байна. 

“Хэзээ нэгэн өдөр шавь нар минь миний мөрөөдлийг биелүүлэн олимпын тавцанд гарна гэж би найдаж байна. Өвлийн спортоор илүү олон хүн хичээллэдэг болоосой гэж хүсэж байна. Энэ өвлийн олимп тэдний мөрөөдлийнх нь эхлэл байх болтугай” гэж тэрбээр ярьсан юм. 


Холбоотой мэдээ