“Бүх цэргийн их хар сүлд”-ийг цагаалах тайлгын ёслол боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-08 20:09:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Бүх цэргийн Их хар сүлд”-ийг цагаалах тайлгын ёслол өнөөдөр боллоо.


Чингис хаан монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар Цэргийн хар сүлдээ түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсан түүхтэй.


Өдгөө Цэргийн хар сүлдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн дээд шүтээн бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлга зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Мөн Их хар сүлдийг Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахидаг байна.


Эрт цагаас нааш үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслол нь өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон энхийг сахиулагчдынхаа эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа юм.


Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцсон байна.




Холбоотой мэдээ