Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-22 00:32:51

 Шатар монголоос үүсэлтэй гэдгийг гэрчлэх чулуу Баянхонгорт бий. Тодруулбал, МЭӨ IV-II зуунд амьдарч байсан эртний монголчуудын урласан Шатар чулуун хөшөө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг.

Эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв болох уг дурсгалыг 2011 онд МҮХАҮТ-аас Монгол Улсын гайхамшгуудын нэгээр нэрлэсэн юм. Энд шатрын морь, тэмээ зэрэг амьтныг дүрсэлсэн гэмээр чулуунаас гадна гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай буган чулуун хөшөө, хиргисүүр бий. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог ч байдаг. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.

Буган чулууны оройд нар, хөшөөний төв хэсэгт буга, түүний доогуур зэр зэвсэг, толь дүрсэлсэн. Ийм 13 чулуу энд эртний монголчуудын түүхийг хүүрнэн байдаг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөөтэй. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.

 Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй Шатрын товч түүх номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох юм. Зарим судлаачдыг тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний хүннү гүрний үеийн хот, суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ