Пакистанд "нэр төрийн аллага"-тай тэмцэх хуулийг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-22 10:08:36

ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. Пакистаны парламентын байнгын хороо өчигдөр “нэр төрийн төлөө хүний амь хөнөөх” явдалтай  тэмцэх тухай хуулийн төслийг баталлаа.

“Нэр төрийн төлөө хүний амийг хороох” буюу "нэр төрийн аллага" гэдэг нь гэр бүл болон ойр дотныхоо хүмүүсийнхээ итгэлийг алдаж, шүүмжлэлд өртсөн хүмүүсийн амийг хороох харгис хэрцгий үзэгдэл юм.

Пакистанд голдуу эмэгтэйчүүд нөхөр эсвэл хамаатан саднуудынхаа гарт амиа алддаг ажээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид, хүний эрхийг хамгаалагчид “нэр төрийн аллага”-ын үзэгдлийг хуулиар хориглохоор чармайж байгаа боловч зарим "хуулийн цоорхой" нь хохирогчдын ар гэрийнхэн аллага үйлдсэн хүмүүсийг уучлах боломжийг олгодог байна.

Дээрх хуулийн төслийг Пакистаны Үндэсний ассамблейн Төслийн хамтарсан байнгын хороо санал нэгтэйгээр баталжээ.

Энэ хуулийн хүрээнд уучлал үзүүлэх явдлыг хүчингүй болгож байгаа боловч аллага үйлдсэн этгээдийг цаазын ялаас зайлсхийх боломжтой хэвээр байгаа юм. Гэхдээ "нэр төрийн аллага" үйлдсэн этгээдийг ямар ч тохиолдолд хорих ялаар шийтгэх нь тодорхой болжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ