Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2022-02-14 13:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлчид БНХАУ-д хийсэн айлчлалын нь талаар болон Хөгжлийн банкны асуудлаар тодруулсан юм. 


-Та БНХАУ-д айлчлаад ирсэн. Айлчлалын гол үр дүнгийн талаар мэдээлнэ үү?


-Миний бие цар тахлын амаргүй цаг үед “Токио-2020” зуны олимпын нээлтэд гуравдагч хөршөө дэмжиж оролцсон. Мөн мөнхийн хөрш БНХАУ-ыг дэмжиж, цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж “Бээжин-2022” олимпын нээлтэд оролцлоо. Энэ бол албан ёсны гэхээсээ илүү ажлын айлчлалын түвшинд орно гэж ойлгож болно.

Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас ярилцах олон асуудал байсан. Энэ талаар холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж ярилцлаа. Хамгийн чухал нь Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, олон улсад жишиг болгох талаар бид ярилцсан байгаа. Мөн Замын-Үүд болон хил, хязгаартай холбоотой асуудлаар зөвхөн Монгол, БНХАУ бус бусад бүх орон ярилцсан. Учир нь хил хаалттай байгаагаас шалтгаалан бараа бүтээгдэхүүн хомсдож, үнэ нэмэгдэх асуудал Монгол Улсад төдийгүй бүх оронд асуудал болж байгааг төрийн тэргүүн нар, холбогдох албан тушаалтнууд ярилцлаа. Цаашдаа Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон төслийн талаар санал солилцох боломж гарсан нь хамгийн чухал алхам болсон гэж дүгнэж байгаа.

Миний хувьд Монгол Улс өргөн, БНХАУ нарийн царигаар хил холболтын терминалуудыг эцэслэн тохирсонд сэтгэл хангалуун байна. Энэ бол Монгол Улсын экспортыг 2-3 дахин нэмэх том шийдэл болно. Мөн Улаанбаатар хотын хөгжил, нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөг батална. Маргааш Сангийн яам, ЭЗХЯ, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны хамтарсан хурал болно. Үүний дараа төмөр замын болон бүтээн байгуулалтын томоохон төслүүд эхлэх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.


-Хөгжлийн банкны удирдлагуудад хариуцлага тооцох уу. Та энэ асуудалд ямар байрь суурьтай байна вэ?


-Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны тавдугаар сард УЕП, АТГ-ын удирдлагуудад Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилахыг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралд танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзнэ.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс өрийг төлөхгүй гэдгийг хэлэх нь зөв. Цаашдаа Хөгжлийн банк бол эксим буюу экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмждэг олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.


Харамсалтай нь Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш зорилгоороо ажиллаж чадаагүй. Сан ч юм шиг, арилжааны банк ч юм шиг тодорхойгүй статустай өнөөдрийг хүрлээ. Үүний уршгаар нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Засгийн газар нэгдүгээрт, Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан, хангалттай барьцаа хөрөнгөтэй, хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ч цар тахлын улмаас эргэн төлөлт нь хэсэг хугацаанд тасарсан бол хэвийн зээл гэж үзнэ.

Мөн баялаг бүтээгчдээ ойлгож, дэмжихийн тулд хуулийн боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллана. Хамгийн гол нь улс төрийн нөлөөгөөр зээл аваад, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй, шүүхэд шилжсэн асуудал байгаа. Эдгээр хариуцлагагүй хүнээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унаж, Хөгжлийн банк өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэдэнд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.

Цаашид Хөгжлийн банкыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд мега төслийг санхүүжүүлдэг, арилжааны банк санхүүжүүлж болох төсөл рүү ордоггүй банк болгож байж эдийн засгийн хувьд бэхжинэ. Ингээд 2011 оноос хойших бүх хэргийг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаасан зүйл ангиар шалгах хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг агуулгаар олон албан тушаалтан мултарч үлдэх асуудал байгаа. Тиймээс зээл авсан биш мөнгө угааж, татвар төлөгчдийн мөнгөнд ноцтой хохирол учруулсан хэмээн үзэж, төрийг хохиролгүй болгох агуулга бүхий бичиг өгснийг УЕП хүлээж авсан. Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг бус бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх, хувийн хэвшлүүд тэгш байх, Хөгжлийн банк зөв ажилладаг байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийж байгаа. Яг жагсаалт гаргаж үзвэл, ердөө 15 хүн л Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа. Тиймээс бид Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу авч үзнэ.

Холбоотой мэдээ