Ж.Байдены шийдвэрийн улмаас талибууд АНУ-тай харилцаагаа эргэн харж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны хөрөнгийг царцаах шийдвэрээ цуцлахгүй бол хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний байгуулсан Афганистаны Засгийн газар тус улстай харилцаагаа эргэн харахад бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж “Asvaka” агентлаг мэдээлэв.
Талибууд Афганистаны Засгийн эрхэнд гарсных нь дараа тус улсын гадаад хөрөнгийг олон улсын хэм хэмжээ, дүрэм журмаас гадуур царцааж байсныг сануулаад АНУ мөн эдгээр хөрөнгийг дур мэдэн хураахыг хүсэж байна гэж мэдэгджээ. Ж.Байден царцаасан хөрөнгийн зарим хэсгийг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөн хүмүүсийн төрөл төрөгсдийн АНУ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нөхөн төлбөрт зориулж нөөцлөх шийдвэр гаргасан нь талибуудыг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байна.
Энэ шийдвэр нь есдүгээр сарын 11-ний халдлагатай ямар ч холбоогүй Афганистаны ард түмний эрхийг зөрчиж байгаагаас гадна, Вашингтоны талибуудтай байгуулсан өмнөх гэрээний нөхцөлийг зөрчиж байна гэж "Талибан" хөдөлгөөн үзэж байгаа аж.
Хэрэв АНУ шийдвэрээ цуцлахгүй бол тус улсыг чиглэсэн бодлого, харилцаагаа эргэн харахаас өөр аргагүй болно гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ. Мөн эдгээр хөрөнгийг болзолгүйгээр чөлөөлөхийг уриалсан байна.
Ж.Байден Афганистаны Төв банкны АНУ дахь 7 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаах захирамжид хоёрдугаар сарын 11-нд гарын үсэг зуржээ. АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн тайлбарласнаар, тус улс 3.5 тэрбум орчим ам.долларыг нь Афганистаны ард түмэнд тусламж үзүүлэхэд хуваарилахаар төлөвлөж байгаа боловч царцаасан хөрөнгийн талаас илүү хувийг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөн хүмүүсийн төрөл төрөгсдөд олгох нөхөн төлбөрт зориулж нөөцөлнө. Ингэхдээ Афганистаны ард түмэнд тусламж үзүүлэхэд зориулсан хөрөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг Нью-Йоркийн шүүхээс өгөх ёстой байна.
Энэ шийдвэр нь афганистанчуудын дургүйцлийг төрүүлжээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос хойш жагсаал цуглаан болж байгаа бөгөөд мягмар гарагт дахин зохион байгуулсан байна.