Бээжингийн өвлийн олимп Хятадын шинжлэх ухаан, технологийн чадавхыг харуулж байна

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-02-18 21:40:38

БЭЭЖИН. /CGTN/. “Бээжин-2022” өвлийн Олимпын XXIV наадмыг зохион байгуулахдаа Хятад улс температур хянах төхөөрөмж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүд зэрэг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг ашиглаж байна гэж тус олимпын Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан групп мэдэгдлээ.


Тус групп нь “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо болон Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны удирдлага дор байгуулагдсан аж. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны Нийгмийн хөгжлийн газрын дарга Жу Сюйхуа энэ долоо хоногт Өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийн мэдэгдсэн байна.


Жу Сюйхуагийн хэлснээр, тус групп нь өвлийн олимпыг ‘аюулгүй бөгөөд өндөр түвшинд’ зохион байгуулахын тулд шинжлэх ухаан, технологийн талаас дэмжлэг үзүүлж байгаа аж.


Хятадын тамирчид энэ өвлийн олимпын үеэр түүхэн амжилтууд гаргаж буйд шинжлэх ухаан, технологийн үүрэг оролцоо ч тодорхой хэмжээгээр бий болохыг Хятадын Спортын ерөнхий газрын Шинжлэх ухаан, боловсролын газрын орлогч дарга Ли Жичуань мөн мэдэгджээ.




Тэрбээр хэлэхдээ “Өрсөлдөөнт спортод технологийн үүрэг оролцоо маш  чухал болж байна. Хятадын мөс болон цасны спортод шинжлэх ухаан, технологийн инновацийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга онцлон хэлсэн байдаг” гэжээ. Хятадын Спортын ерөнхий газар нь түүний өгсөн үүрэг чиглэлийг тууштай хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилалтаар тамирчдаа хангах замаар бие бялдрыг нь хөгжүүлж байна гэж Ли Жичуань ярьжээ.


Өвлийн олимпын XXIV наадам нь Хятадын технологи, инновацийн чадавхыг дэлхий дахинд харуулж, өндөр технологийн аж үйлдвэржилтийн хөгжлийг улам бүр ахиулахад тус болно гэж тус улсын албаны хүмүүс үзэж байна.


Хятад улсын нийслэл Бээжин хот нь өвөл, зуны олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж буй юм.


Хятад улс нь технологийн дэвшлийг уран сайхантай хослуулан олимпын наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулснаас гадна, тамирчдын хоолыг робот тогоочуудаар хийлгэж, олимпын наадмыг сурвалжилж буй сэтгүүлчдэд зориулан 1 хүртэлх цаг “дуг хийх” өндөр технологийн өрөө бэлтгэж, олимпын хотхонуудыг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангаж, автомат жолоодлоготой автомашинуудыг энэ олимпын үеэр ашиглаж байна.



Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ “Бээжингийн өвлийн олимп нь шинжлэх ухааны ололт амжилт, дижитал технологийг урьд өмнө үзэгдээгүй өндөр түвшинд ашигласнаараа түүхэнд бичигдэж, ирээдүйн шинэ технологийн стандартыг тогтоолоо” гэжээ.


Холбоотой мэдээ